• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-10-10 15:47:17
    Уншсан: 7423
    Сэтгэгдэл: 0

    Жинхэнэ ба хуурмаг зорилгыг яаж ялгах вэ7372

    Зорьсон зорилгодоо яагаад хүрч чадахгүй байна вэ гэж бодогдож байсан уу? Тэгтэл хэргийн учир нь хуурмаг зорилгыг жинхэнэ хэмээн андуурсанд байгаа юм биш биз? Жингээ хасах юмсан, машинтай болох юмсан, англи хэлийг сурах юмсан гэсэн зорилгыг тээж, зүтгэсээр байхад бүтэхгүй л байна уу? Нэг бол дийлдэшгүй залхууралд автана, нэг бол нөхцөл байдал чиний эсрэг босно, нэг бол цаг гарахгүй... Магадгүй, өмнөө тавьсан зорилго чинь жинхэнэ зорилго биш байж болох юм шүү.

    Бусдын тулгасан эсвэл хуурмаг зорилго

    Биднийг бага байхад дээд боловсролгүйгээр амьдралдаа амжилтанд хүрч чадахгүй хэмээн аав ээж, эмээ өвөө нар сургадаг шүү дээ. Энэхүү бодол нь бидний толгойнд бат суусан байдаг учраас бид их дээд сургуульд ямар нэгэн аргаар элсдэг. Сургуулиа төгсөөд тайлан тэнцэл дээр өдөр шөнөгүй суусан хэрнээ мэргэжилдээ амжилт олоогүй хэвээр л байдаг.

    Бас нэг өөр жишээ. Чиний найз охидууд бүгд өөгүй сайхан тэгш биетэй бөгөөд тэдний дэргэд чи өөрийгөө бүдүүн, болхи мэт төсөөлдөг. Илүүдэл жиндээ чи санаа зовдоггүй, чамд хайртай нөхөр бий, чи эрүүл саруул хэдий ч өөрийгөө бусадтай харьцуулснаар яаралтай турах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрдэг.

    Энэ бол бусдаас тулгасан хуурмаг зорилгууд. Бидний амьдардаг орчин, нийгэм зэрэг нь амьдрах амьдралын хэв маягийг тулгадаг. Ингээд л бид бусдын хүсэл мөрөөдлийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл болгон эндүүрэн хүлээн авч эхлэнэ. Өөр яах юм бэ, бүгд л ингэдэг шүү дээ?

    Хуурмаг зорилгын шинж тэмдгүүд

    Залхуурал. Хэрвээ чи ойр ойрхон залхуурч, зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой үйлдлээ хойшлуулсаар байгаа бол чи хуурмаг зорилгыг тээж байна. Залхуурна гэдэг нь идэвхжүүлэлт байхгүй байгаагийн шинж. Нэгэнт сэтгэл байхгүй юм чинь хийх ямар хэрэг байна вэ гэдгийг чи дотроо хараахан ухамсарлан ойлгоогүй л байна.

    Урам зориг үгүй. Англи хэлний сурах бичиг рүү шагайх бүртээ өөрийгөө ингэж зовоох болсон зорилгоо ч тэр, англи хэлийг ч тэр үзэн ядаж эхэлдэг. Тэгтэл жинхэнэ зорилгыг тээх үедээ замд хичнээн их саад бэрхшээл тулгарсан ч, чи өөдрөг сэтгэлтэй, урам зоригоор дүүрэн байдаг. 

    Шалтаг. “Маргааш хүнд өдөр байх учраас өнөөдөр хоолны дэглэмээ эхлүүлж чадахгүй нь дээ. Харин маргаашнаас бол яг...” гэж өөртөө хэлдэг үү? Хийх хүсэлгүй байгаагаа чи ямар нэгэн шалтаг гаргаж өөрийгөө өмөөрдөг. 

    Эрүүл мэнд муудах. Чиний бие махбодь хуурмаг зорилгод хүрэхийг эсэргүүцэж болно. Хэрвээ чи удирдах албан тушаалтан болохыг хүсдэг ч, ярилцлагад орох тоолонд толгой өвддөг, гэдэс хямардаг бол эдгээр дохиог анхааралдаа аваарай. Чиний тээж буй зорилгууд хуурмаг байж болох юм шүү. 

    Тэгвэл жинхэнэ зорилго ямар байдаг вэ?

    Аливаа жинхэнэ зорилго мөрөөдлөөс эхэлдэг. Ухамсарлан ойлгосон баталгаатай зүйл бус, аливааг хийх сэтгэл хөдлөлийг хэлж байна. Тиймээс, өөртөө дараах асуултыг тавиарай: “Би ямар зүйлийг сэтгэлээсээ хийдэг вэ? Миний амьдралд баяр баясгалан, аз жаргалыг юу авчирдаг вэ?” 

    Жинхэнэ зорилгын суурь нь материаллаг эд бус, харин сэтгэл байдаг. Тухайлбал, дараах хоёр томъололыг харьцуулаад үзье л дээ: “Би маш их мөнгөтэй болохын тулд өндөр албан тушаалд хүрэх ёстой”, “Бизнес хийх чадвараа амьдралдаа ашиглахын тулд өндөр албан тушаалд хүрэх ёстой”. Ялгаа байгаа биз?

    Жинхэнэ зорилго нь чиний авъяас чадвартай салшгүй холбоотой байдаг. Хүн бүр ямар нэгэн авъяастай: хүмүүстэй харьцаж чаддаг, шийдвэр хурдан гаргадаг, аливаад бүтээлчээр ханддаг гэх мэт. Тэгвэл чамд байгалиас заяасан ямар авъяас чадвар байгааг сайн тунгааж бодоорой. Түүнийгээ ашиглаад амжилтанд хүрэх ч юм билүү? 

    Хэрвээ чиний өмнөө тавьсан зорилго нь жинхэнэ бол түүнийгээ хэрэгжүүлэх нөөц буюу туршлага, мэдлэг, танил тал, мөнгө зэрэг заавал олддог юм шүү гэдгийг санаж яваарай.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-10 15:47:17
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.