• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-11-24 15:53:46
    Уншсан: 5740
    Сэтгэгдэл: 0

    Өөртөө хайртай гэж чангаар хэлцгээе!-17468

    Чи биеэ байгаа чигээр нь хайрладаг уу? Өглөө бүр толинд хараад өө сэвээ тоочиж, гомдлонгуй зогсдог бол энэ бүсгүйчүүд чиний сөрөг хандлагыг үгүй хийнэ. Цоглог бүсгүйчүүдтэй танилц.

    Г.Минжин: Эмэгтэй хүн төрснийхөө дараа л төгс галбираа олдог

    Би хоёр хүүхдийн ээж. Анхны хүүхдээ гаргасны дараа бага зэрэг таргалаад, харвинтай болж, арьс минь унжсан. Сайн анзаарвал нэг, хоёр зураасан язралттай. Мэдээж хэрээс хэтэрсэн биш ч өмнө нь надад огт байгаагүй шинэхэн “найзууд”-аа таатай угтаагүй. Бас сэтгэлээр унаж, ач холбогдол өгөөгүй. Учир нь надад бурхан түүнээс ч илүү том илгээмж илгээсэн нь миний хүүхэд. Гэхдээ би урилгагүй ирсэн “найзууд”-аа зөнд нь орхиогүй. Зөв хооллож, орой 8 цагаас хойш идэхгүй, хүүхдээ байнга хөхүүлж байсан. Хүүхдээ хөхөөр нь хооллодог ээжүүд галбираа хурдан олдог гэж үнэн юм билээ.
    Зөвлөгөө: Арьс минь язарчих вий, би таргална, хөх минь унжчих болов уу гэж өөрийгөө битгий стресстүүлээрэй. Эмэгтэй хүн төрснийхөө дараа л төгс галбираа олдог гэдэг биз дээ. Бүсгүйчүүд ээ, цоглог байгаарай.

    Г.Анударь: Айдаст автсан ч удахгүй тайвширчихдаг

    Анхны хүүхдээ хүлээгээд найман сар болж байна. Төрөх дөхөөд ирсэн чинь улам л догдлоод, бүр төрчихсөн байна гэж зүүдэлдэг. Гэдэс томроод унтахад жаахан төвөгтэй л юм. Би яагаад ч юм өвдөлт бүрд хүүхэд гаргахаар үүнээс ч их өвдөнө шдээ гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Ойр дотны найзуудын ихэнх нь төрчихсөн болохоор ярихыг нь сонссоор байгаад бага зэрэг мэдлэгтэй болчихсон. Саяхныг хүртэл арьс минь язраагүй л байв. Сүүлийн үед гэдэс загатнаад, маажихаар нөхөр минь “Боль, битгий мааж, язарчихна” гэж сануулсан ч нэг их тоогоогүй. Гэтэл эход харуулж байхдаа л язарснаа мэдлээ. Бор арьстай, том гэдэснийхээ доод хэсгийг харж чадахгүй болохоор анзаараагүй. Гэхдээ би чинь ээж болж байгаа шүү дээ. Энэ язралт юу юм бэ, асуудал биш гэж бодсон шүү. Нимгэн арьстай хэсгүүд харладаг гэж үнэн юм байна. Төрснийхөө дараа цайруулах арга хэмжээ авчихна даа.

    Зөвлөгөө: Хүн л юм чинь сайхан байхыг хүсэлгүй яахав. Нэгэнт төрчихсөн бие галбир, зүс царайгаа гоочилж өөрийгөө битгий зовоогоорой. Дасгал хөдөлгөөн хийж, зоригтойгоор өөрчлөлт хийхийн төлөө чадах бүхнээ хий. Гэхдээ юуны төлөө гэдгээ сайн бодоорой. Бүгдэд амжилт!

    М.Мөнхцэцэг: Хөөрхөн хамар минь гомдчихоогүй байгаа

    Би өөрийнхөө биеийг бүхэлд нь хайрладаг. Онцлох юм бол цээжин хэсэг минь илүү таалагддаг. Өмнө нь хэн нэгэн биеийн минь тухай ямар нэгэн шүүмжлэл хэлэх юм бол “Тийм үү” гэж ирээд их шаналдаг байж. Шууд хэлэх ч онцгүй шүү. Гаднаа дургүйцлээ илэрхийлэхгүй ч бүтэн өдөржин нэг л онцгүй болчихдог шдээ. Аргыг нь олоод хэлчихэж болдоггүй л юм байх даа. Толинд харах бүртээ хамраа чимхээд, өндөрлүүлчих юмсан гэж боддог байлаа. Уг нь миний хамар хүнд гологдоод намайг муухай харагдуулахааргүй л дээ. Тэгсэн ойрын үед хамар минь битүүрээд байдаг болчихсон. Хана хүртэл чихтэй гэдэг шиг эрүүл саруул, хөөрхөн хамар минь надад гомдчихсон юм биш байгаа.

    Зөвлөгөө: Толинд харахдаа ч өөдрөг байдлаа хадгалаарай. Чиний нүдээр би ямар харагдаж байгааг, миний нүдээр чи ямар харагдаж байгааг мэдэхгүй ч бидний хэн хэнд нь өөдрөг сэтгэл хэрэгтэй шүү.

    Б.Цасчихэр: Жирэмсэн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй

    Өмнө нь жирэмсэн байхдаа нүцгэн зураг авахуулж байсан ч ийм олон хүний өмнө нүцгэн зогсож байгаагүй болохоор эхэндээ эвгүй л байлаа. Гэхдээ л би чадлаа. Би хөхнийхөө хэлбэрт сэтгэл хангалуун байдаг. Хоёр хүүхэд хөхүүлсэн болохоор өмнөх шигээ байхаа больсон ч биеэ хайрласаар байгаа.

    Зөвлөгөө: Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг юм. Төрснийхөө дараа өөрийгөө зөнд нь битгий хаяарай. Өөртөө зав гаргаж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Заавал фитнесст явахгүйгээр гэртээ идэвхтэй хөдөлгөөнтэй байхад болно шүү дээ.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-11-24 15:53:46
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.