• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-10-12 16:08:01
    Уншсан: 4970
    Сэтгэгдэл: 1

    Г.Тэнгис: Хүн идэж байгаа хоолныхоо бүтээгдэхүүн7378

    Тэнгис хэзээнээс хоол хийх хүсэлтэй болсон юм бэ? Хэн нэгний нөлөө байсан уу?

    Багаасаа л хоох хийх хоббитой байсан шд. Хоёр дүүдээ хоол хийж өгнө, туршина. Аав, ээж маань гадаад их явна. Тэндээсээ сурсан хоолоо хийхэд нь хажуунаас нь би хараад сурна. Тэгээд тогооч болно гэхэд аав маань дургүйцэж байсан ч, би эсэргүүцсээр байгаад сурсан. Италийн Toreno хотын тогоочдын холбооны ерөнхийлөгч, тогооч түргэвчилсэн сургалт явуулаад тэнд нь суусан юм. Тэгээд багштайгаа их ойр байдаг байсан. Төгсөөд багшдаа “Би таны дор ажиллая. Цалин чухал биш, юм суръя гээд” гэж гуйгаад анх 30 000 төгрөгийн цалинтай ажилд орж байлаа. Одоо Монгол дах Итали хоолны тогооч нарын холбоог байгуулаад, тэргүүнээр нь ажиллаж,  сургалт явуулж, катерингийн үйлчилгээ үзүүлж байна.

    Г.Тэнгис, хоол хийх, ярилцлага

    Хүмүүсийн итали хоолны талаар ойлголт хэр өөрчлөгдсөн бэ?

    Анх бол пицца гоймонгоор л төсөөлж байсан шдээ. Өөрийнх нь натур уг нь шал ондоо. Монголчууд шиг мах их хэрэглэнэ. Гэхдээ хажууд нь шинэ ногоо, оливийн тос, нимбэг, хүний биед хэрэгтэй зүйл их иднэ. Итали хоол хийхэд хялбар, бас эрүүл болохоор би дуртай байдаг. Хоол нь уран зургийн галлерей шиг үзэмжтэй, бас орц нь ч гэсэн байгалтайгаа ойрхон гэх үү дээ. 27-тойдоо Баянгол зочид буудлын ахлах тогоочоор ажиллаж байхад орцны зарим нь олддоггүй байсан ч Монголд байгаа зүйлсээр  орлуулна. Тогтсон менютай байсан тэр үед хүмүүст шинэ содон амтыг танилцуулж, хүмүүс ч гэсэн сайхнаар хүлээж авдаг байсан. Тэр үед манай хоолны соёл 60-70 жилээр хоцорч байсан болохоор маш хэцүү байсан. Бяслаг, амтлагч гээд нарийн ширийн зүйл хаана ч олдохгүй. NHK-ээс хүртэл манай холбоон дээр хүрч ирээд, материал орц нь хомс ч гэсэн хэрхэн итали хоолыг бэлтгэж байна гээд сурвалжилж байсан. Жинхэнийг нь идэж, хэрэглэж сурсан хүн болохоор бас дүйцэхээр зүйлээр орлуулж болно л доо. Бусад оронд ч өөрийн орны амтыг бас оруулсан байдаг. Ерөнхий амт, орц нь нь байхад, хэв маягийг нь жаахан өөрчилж болно. Жишээ нь орегано манайд ургадаг ганга өвстэй адилхан үнэр, амттай.

    Сургалтынхаа талаар яриач?

    Итали хоолыг таниулах зорилготой. 2 жил завсарлаад бүтэн жилийн туршид сургалтаа зохион байгуулдаг. Сар бүр элсэлтээ авна. Хамгийн аймшигтай сар нь сая сонгуулийн үеэр боллоо. /инээв/ Сонгууль надад их хүнд туслаа шд. Зургаахан хүн ирсэн гээд бод. /инээв/ Манайх тогооч биш, мөн гэж ялгадаггүй. Практикаар явдаг, лекц шиг бичүүлээд суулгахгүй. Бүгдэд нь материалаа бариулж байгаад л сургана. 82 цагийн хичээлдээ суурь хоолнууд заана. Олон төрлийн хоол, соус, талх, зайрмаг, печень гээд. Үүнээс гадна дарсны, бариста кофены сургалт бас явагддаг. Жишээ нь, кафе нээмээр байгаа ч, мөнгө нь бэлэн гэхдээ  арга техникийг нь мэдэхгүй байгууллагад бас заана. Дарсны хувьд ингэж ууна, үнэрийг ялгана, бөглөөг ингэж авна, хундагалана гээд соёлжуулах сургалт байдаг. Амтлуулах гээд зөөгчийн авчирсан дарсыг нь дуустал нь уух ёстой ч юм уу, үгүй юм уу хүмүүс мэддэггүй. Уух соёл гэж байдаг.

    Сайн дарсыг яаж таних вэ? Үнэтэйг нь сайн юм уу гэхээр тийм ч амттай биш байдаг?

    Манайд зарагдаж байгаа дарс төдийлөн сайн нь байдаггүй.  Монголд 4 ч албан ёсны дистрибютер байна. Гэхдээ сайны хажуугаар саар нь зөндөө. Манайхан бас үнийг нь хуга нуга нугалдаг шүү дээ. Шилний ёроолыг нь сайн харах хэрэгтэй. Table wine буюу өдөр тутамд хоолонд хэрэглэгдэх дарсны ёроол нь аяганых шиг хавтгай байдаг. Аль нэг газрын ургацынх биш, энд тэндхийн үлдэгдэл ургацуудыг цуглуулж хийсэн байдаг. Румынд бол хаанахын дарс авмаар байна гээд л, Итали гэвэл италийнх гэсэн шошго наах жишээтэй. Дарсны шилнийх нь ёроолд эрхий хуруугаа хийхэд гүнзгий, дунд үенээс дээш орж байвал удаан хадгалах зориулалттай, сайн дарс гэсэн үг. Харин хавтгай бол чанар муу, хэтэрхий их ус, концентраци, спирт ихтэй гэж ойлгож болно. Зарим дарснаас шаар шиг зүйл гардаг шүү дээ, тэр нь хундагалахад гарах ёсгүй, ёроолынхоо захаар үлдэх учиртай. Нээрээ цагаан дарсыг хүмүүс 2000 оных гэж байна, ёстой сайн юм байна ярьдаг. Гэтэл цагаан дарсыг 2 жилээс хэтрүүлж хадгалвал хор болдогийг мэддэггүй. Би ч гэсэн анх учрыг нь мэдэхгүй л байсан. 2 жилээс хэтэрсэн бол хоолонд цуу маягаар л ашиглаж болно. Кристалжсан болохоор биед шингэхгүй, олгой ургуулах ч юм уу сөрөг нөлөө ихтэй. Улаан дарсны хувьд удаан хадгалсан тусмаа сайн, тэгээд гүнзгий ёроолтойг мартах ёсгүй. Хавтгай ёроолтойг бол жилийн дотор л хэрэглэвэл зүгээр.

    Нээрээ хоол хийхдээ давсыг нь ихдүүлчихсэн бол дурлачихаж гэж ярьдаг. Тэр хэр үнэн юм бэ?

    Өө, мэдэхгүй. Надад лав тийм санагддагүй шд. Хааяа ихдэж л байдаг юм, багадаж л байдаг. Дурласан юм анзаарагддаггүй шд.

    Өөрт чинь ихдүүлэх тохиолдол гарах уу?

    Гарна ш дээ. Өө, энэ юу болчихов оо гээд тавагтай нь шидмээр үе гарна. Мэдээж хүн л юм чинь янз янзын асуудал гарна. Тэнгис мундаг тогооч, гарын хоолыг нь иднэ гээд Харангын Чука ахын ресторанд манай найзууд ирээд, би хоол хийх болов оо. Тэгсэн нэг тогооч хүнсний соодыг крахмалны саванд хийчихэж. Тэрийг нь би мэдэхгүй. Тэгсэн чинь манай найз хүрч ирээд, энэ тахианы соус нэг л биш ээ, демидрол шиг хэл дарвигнуулаад байх юм гэдэг юм даа. Гайхаад амссан чинь хүн аймаар юм хийчихсэн байсан.

    Аль орны хоолууд хамгийн амттай санагддаг вэ? Хүмүүст хаагуур аялаарай гэж зөвлөх вэ?

    Газрын дундад тэнгис, Грек, Турк, Ром, Испанийн хоолнууд их гоё шүү дээ. Нарийн ногоо, дессэрт, жимс ихтэй. Эдгээр хоолын соёлуудыг харахад 30 нь мах, 70 нь жимс, нарийн ногоо байдаг. Гэтэл монголчууд яадаг билээ? 30 хувь нь ногоо, 70 хувь мах байна. Амталгааны хувьд ганцхан сонгино, сармис. Тэр хоёр нь л best амталгаа. Заавал есийн тосонд шараад, давс, перец хийнэ. Сүүлийн үед нээрээ гучу-жан гээч хүч түрээд ороод ирчихсэн. Гэтэл тэр нь мах багатай солонгос, хятадууд хэрэглэдэг. Үсү гэж ярьдаг махны хамт оруулдаг амтлагч байхгүй юу тэр нь. Ямар ч шим тэжээлгүй. Тэжээллэг зүйл хэрэглэхгүй болохоор наслалт ч гэсэн яаж өндөр байх юм бэ? 60 настай хүн автобусанд “алив өвөө нь суучихъя даа” гэдэг биз дээ. Гэтэл Европт 85 настай хүн өөрөө хүнс ногоогоо цуглуулаад явж байна. Бид нар хэтэрхий хүнд хоол идээд байхгүй юу.

    Сүүн бүтээгдэхүүнийг хортой гэж яриад байгаа. Энэ бас хэр үнэн бэ?

    Худлаа. Манайхан бас сүртэй юм ярина аа. Нэг хэсэг бүгд цагаан хоолтон болно гээд яриад байсан яасан? Манай нэг танидаг хүн цагаан хоолтон болчихсон, энд тэнд лекц уншаад л яваад байсан. Тэгээд л нүдэн дээр тураад, нүд нь хөхрөөд. Би бүр “чи ядаж уураг, өндөгний цагаан ид л дээ” гэсэн чинь “хүүе, би бүр сүү ч уудаггүй нь шдээ” гээд л байсан. Өөрсдөд нь гоё санагдаад байгаа байхгүй, лаг болчихсон гээд. Тэгээд л ойр хавийнхныгаа уруу татаад. Тэгээд яасан гээч? 2 жилийн дараа ухаан алдаад унаад өгсөн. Эмнэлэгт үзүүлсэн чинь хоол тэжээлийн архаг дутагдалд орчихсон байсан. Яс нь сийрэгжээд, хөөсөнцөр шиг болчихсон. Хамгийн нь аюултай хоол, тэжээлийн дутагдалд орсон хүн эргээд хэвийн байдалдаа орох гэж их удна. Шим тэжээлийг нь бие нь сороод авчихсан бохоор 20, 30 жил болно. Манайх чинь сэрүүн уур амьсгалтай, өндөр газар шүү дээ.Хамаа алга, Тайланд шиг халуун орны тавчиктайгаа явж байгаа хүмүүс болоод байгаан. Манайх чинь өөр шдээ. Гараад чийгшил нь ууршчихдаг, бидний биенд тослог юм байж бид эрүүл байна. Монголын сүүтэй цай нь хүртэл өрөмтэй байдаг шүү дээ. Цаанаасаа зохицуулагдсан байна шдээ. Огт хөдөлгөөн хийхгүй, вакуумжулсан орчинд байвал цагаан хоол болох юм тээ?

    Шар буурцагаар нөхөх боломжгүй гэж үү?

    Нөхөгдөхгүй шдээ. Махыг хэзээ ч орлож чадахгүй. Махнаас авдаг тэжээлийг авч чадахгүй. Тиймээс ч махчин амьтан, өвсөн тэжээлтэн гэж хоёр байдаг гэж нэг эрдэмтэн хэлсэн байдаг. Бас манайхан бамбайтай болчихсон уу? Чонын хэл аваад ир. Яс хугарчихсан уу? Тарвагны элэг идүүлчих гэж ярина. Тийм л байсан юм бол баахан амьтантай эмнэлэг байгуулчихсан л байгаа шд. Өглөө болгон чонын тархи идээд сэргээд ирнэ шд.

    Жирэмсэн эхчүүд загас их идэж болохгүй гэж бас ярьдаг?

    Харин ч сайн идэх ёстой. Ургийн өсөлт болон өөрт нь хэрэгтэй омега, фосфор, кальци гээд олон хэрэгтэй зүйл бий. Бас броколли, эрдэнэ шиш, хулуу, цэцэгт байцаа гээд ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй бас махаа хаяж болохгүй. Идэж байгаа зүйлээс л өнөө хүүхэд бүрдэнэ шүү дээ. Судалгаа хүртэл байдаг, мах иддэггүй, цагаан хоолтон хүүхдүүдийг харьцуулсан. Гэтэл мах иддэг хүүхдийн хөгжил хамаагүй түрүүнд явдаг.

    Турах хүсэлтэй бүсгүйчүүд ямар хоолноос татгалзах ёстой вэ?

    Үрийн бүтээгдэхүүнээс. Бид нар мах идэхдээ хажууд нь заавал гоймон, будаа, талх, төмс иддэг. Гэтэл эд нар чинь илчлэг ихтэй, ургаад том болж өсдөг хүнс. Тийм болохоор бид нар идэхээр ургамал шигээ дагаад өснө гэсэн үг. Бас хүмүүс өндөгний цагааныг уураг биш шар нь гэж эндүүрдэг. Гэтэл цагаан нь уураг байдаг. Бас extra virgin оливийн тос хэрэглэвэл цусан дах холестериныг 70 хувь задалдаг. Хоолны хачирандаа жигнэсэн броколли, лууван, ногоо хэрэглэвэл зүгээр. Бас холестирины агууламжтай малын гаралтай майонез, тосноос татгалзах хэрэгтэй. Наран цэцгийн тос хүртэл таргалуулдаг ичлэг ихтэй байдаг. Оливийн тосыг анх хэрэглэхэд амт нь жаахан эвгүй санагдвал нимбэгний шүүс нэмээд хэрэглэж болно. Яваандаа наран цэцгийн тос хүртэл өмхий санагдаж эхэлдэг. Бас аль болох даршилсан бүтээгдэхүүнээс татгалзаж, хэрвээ хэрэглэхээр бол шилэн савалгаатайг хэрэглэвэл зүгээр. Болж өгвөл нэрс худалдаж аваад, заримыг нь хөлдөөгөөд, ванилин, элсэн чихэр, нимбэгний шүүс нэмээд гадуур зарагдаж байгаа жүүснээс гоё амттай, эрүүл шүүс гарна шд. Кетчупын 80 хувьд нь улаан лооль огт хийгээгүй, бөөн будаг байдаг.

    Фото эх үүсвэр: mongolphoto.mn    

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-12 16:08:01
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-10-13 11:02:34
    wow.unen heljee.uhaalag zov bodoltoi zaluu bna.mongolchuudaa iim bodoltoi zaluu mongol olon boloosoi.chi yu idne ter chi,gedeg ug hurtel bdag shuu de.