• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-12-12 11:30:03
    Уншсан: 11644
    Сэтгэгдэл: 1

    Навчаа:Интернэтээр ам дамжсан цуу яриа түгээгддэг7498

    Ханиад томууны улирал эхэлж байгаатай холбогдуулан cosmo хүүхдийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Т.Навчаа эмчтэй ярилцлаа.

    Тэрээр ЗХУ-ын Ленинград хотын хүүхдийн эмнэлгийн дээд сургуулийг төгсөж ирээд эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эмч, тасгийн эрхлэгчээр 17 жил, халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирлаар нэг жил, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр долоон жил, эрүүл мэндийн яам, азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр III төслийн үндэсний зөвлөхөөр дөрвөн жил тус тус ажилласан бөгөөд 2012 оноос зинт клиникийн эмчээр ажиллаж байна.

    Cosmo: Сайн байна уу, эмч ээ? Таны тухай ээжүүдийн дийлэнх нь сонссон байдаг. Хүүхдийн Навчаа эмч гэдэг энэ эрхэм алдрыг зүүх болсон түүхээсээ хуваалцаач?

    Навчаа: Хүүхдийн эмч болъё гэж би бүр багаасаа л хүсдэг байсан. Аав ээж маань ч бас тэгж зөвлөсөн. Би мэргэжилдээ хайртай. Улсын хамгийн том хүүхдийн эмнэлэг, их сургууль, олон улсын байгууллагад эмч, багш, дарга, зөвлөхөөр 25 жил ажиллаад нөхөр бид хоёр Зинт клиникийг байгуулсан. Хүүхдийн өвчний дийлэнхийг асуумж, үзлэгээр оношилж гэрээр эмчлэх боломжтой байдаг. Бид хоёр аль болох эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр эмчлэхийг зорьдог. Хүүхдээ эрүүл саруул өсгөхөд эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэж үзэн жил хагасын өмнө “Хүүхэд ба гэр бүл” гэдэг ном бичсэн. Мөн фэйсбүүк хуудас тогтмол ажиллуулдаг маань ээжүүдэд их таалагддаг юм шиг байна.

    Cosmo: Намар, өвлийн улирал тэр чигтээ ханиад томууны үе гэсэн ойлголт байдаг. Үүнийг мэдсээр байж урьдчилан сэргийлж болдоггүй юм уу?

    Навчаа: Цэцэрлэг, сургуульд олноороо бөөгнөрч цаг агаар хүйтрэхэд, бас тэгээд хуурай агаартай үед ханиадны вирус болон нянгаар халдварлагдах нь элбэг байдаг. Ханиадны 200 гаруй вирус бий. Ханиад шуухинаа, хатгалгааг оношилж эмчлэхэд тийм ч төвөгтэй биш. Харин томуу бол хүнд өвчин. Тухайн жилд ямар вирусээр үүсгэгдэх томуу дэгдэхийг ДЭМБ тандалт судалгаагаар тодорхойлж, түүний эсрэг вакцин гаргахыг зөвлөдөг. Энэ дагуу үйлдвэрлэгдсэн вакциныг олон улс даяар хэрэглэж байна. Тэрнээс бус томуугийн вакцин нь ханиад шуухинаагаас сэргийлэхгүй. Харин хатгалгааг ихэнх тохиолдолд үүсгэдэг пневмококк нянгийн эсрэг вакцин гэж бий. Монгол Улс 2016 оноос энэхүү вакцинийг хийж эхэлсэн нь маш том амжилт юм. Ханиаднаас сэргийлэхийн тулд хүүхдээ дааруулахгүй, олон хүнтэй газар дагуулж явахгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн дүрмийг мөрддөг байх нь чухал.

    Cosmo: Таныг олон жилийн өмнөөс өнөөг хүртэл хийж ирсэн эмчилгээг биш арай өөр арга барил, эмийн бэлдмэлүүдийг санал болгодог гэж ярьдаг. Тэгэхээр үүнтэй эцэг эхчүүдийн санал зөрөлдөх, эргэлзэх тохиолдлууд гардаг байх?

    Навчаа: Тийм ээ, ер нь бол анагаах ухаан өөрөө маш хурдацтай хөгждөг, бодит үр дүн, нотолгоотой судалгаан дээр тулгуурласан шинжлэх ухаан. Мэргэжлийн бид энэхүү хөгжил дэвшлийг судлан мэдэж, насан туршдаа суралцаж байвал хүүхдүүдэд маань л тустай. Хэдэн арван жилийн өмнөх хоцрогдлоор онош тавьж эмчилгээ зөвлөж болохгүй. Манай клиникийн үйлчлүүлэгчдийн олонх нь өндөр боловсролтой, хөгжсөн орнуудад ажиллаж амьдарч байсан, эсвэл Улаанбаатарт суугаа гадаадын иргэд байдаг. Ийм хүмүүстэй ойлголцоход бэрхшээл гардаггүй. Мэдээж зарим үйлчлүүлэгчид бидэнд итгэхгүй, хэлж ярьж буй зүйлийг сайн ойлгохгүй явдал гарна. Энэ байдал өөрчлөгдөх нь дамжиггүй.

    Cosmo: Антибиотикийн тухай? Ханиад хүрсэн хүүхдийг хүчтэй эм уулгалгүйгээр өөрөөр нь эмчил гэж зөвлөдөг.

    Навчаа: Ер нь бол манайх шиг хөгжиж буй оронд нянгийн халдвар өндөр хэвээр байна. Ийм нөхцөлд ханиад шуухинаа нь нянгийн халдвараар хүндрэх эрсдэл бий. Тиймээс зарим тохиолдолд антибиотикоор эмчлэхээс аргагүй болдог. Гэхдээ антибиотик эмчилгээ хийх заалт, удирдамж бий. Түүнийг л баримтлах хэрэгтэй. Нөгөөтээгүүр манай эцэг эхчүүд өөрсдөө айгаад, хүүхэд хүндрээд байна, зүгээр болохгүй байна гээд эмч нарыгаа их шахдаг асуудал бий. Антибиотик хэрэглээд 48 цагийн дараа хүүхэд халуурсан хэвээр бол өөрчилж дараагийн түвшний антибиотикийг зөвлөх зарчимтай. Гэтэл эхлээд хүчтэй антибиотик уусан хүүхдэд дараа нь юу зөвлөх вэ гэдэг том асуудал үүснэ. Харин эмч вирусээр үүсгэгдсэн гэж үзвэл антибиотик зөвлөх ёсгүй. Үүнийг бас эцэг эхчүүд ойлгодог байх хэрэгтэй. Антибиотикийн хэрэглээнээс ч чухал, илүү аюултай асуудал бол ханиад шуухинааны үед гормонтой утлага өргөнөөр хийж байгааг анхаарах цаг болсон.

    Cosmo: Тэр утлагын тухай сонсож байсан юм байна. Ямар үед утахыг бас сөрөг заалтуудынх нь талаар та жаахан тодруулж өгч болох уу?

    Навчаа: Гормонтой утлага бол гуурсан хоолойн багтраа өвчний үндсэн эмчилгээ юм. Багтраа бага насны хүүхдэд ховор тохиолдоно. Харин зарим вирусын халдварын үед шуугиантай амьсгал үүсдэг. Энэ үед гуурс тэлэгч эм хэрэглэх ба эдгээр нь үр дүнгүй үед гормонтой утлагыг зөвлөдөг. Түүнээс биш гормонтой утлага нь ханиадны эмчилгээ биш ээ. Энэ эмчилгээг байнга хийлгэх нь амьсгалын замын мөөгөнцөр үүсгэх, өсөлт удаашрах, яс сийрэгжих, дархлаа дарангуйлах зэрэг ташрамын нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

    Cosmo: Cosmo ээжүүдэд хандаж хүүхэд асаргааны талаар та юу зөвлөх вэ?

    Навчаа: Эцэг эхчүүдэд өрхийн эсвэл хүүхдийн эмч, сувилагч хүүхдийн асаргааны талаар байнга зөвлөдөг ч үнэндээ хүүхэд тань өөрөө хамгийн чухал мэдээллийг өгч байдаг юм. Унтах дуртай байрлал, хооллох хэв маяг, тайвширдаг арга, дуртай болон дургүй зүйлс гэх мэт. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүүхдээ ажиглаж сурах нь хамгийн чухал. Ингэж анхааралтай ажигласнаар эцэг эхийн инстикт автоматаар зөв үйлдэл хийдэг. Хүүхдээ товлолын дагуу өрх эсвэл хүүхдийн эмчид үзүүлж эрүүл өсөлт хөгжлийг нь үнэлүүлэн, мэдэхгүй, чадахгүй, болохгүй зүйлээ асууж ярилцаж байх нь чухал. Интернэт дэх ээжүүдийн группээр ихэнх тохиолдолд хуучирсан мэдээлэл, буруу ойлголт, ам дамжсан цуу яриа түгээгдэж буйд шүүмжлэлтэй хандвал зохино.

    Cosmo: Ярилцсанд баярлалаа.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-12 11:30:03
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-12-28 01:27:44
    Mundag Emch shuu