• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-06-21 13:52:18
    Уншсан: 8925
    Сэтгэгдэл: 5

    Ц.Уянга: Өөрийгөө өшиглөөд босгох хүчтэй бай7201

    Хүн бүхний танил биш “од”... Тв, шоу, спортын талбарт бус “өөр” ертөнцөд дуулиан тарьж чаддаг бүсгүй. Хэн бүхний хэрэглээд байдаггүй “17 насны нэр хүнд”, “ардчилалд бид үнэ төлөөгүй”, “хайрын төлөвлөгөө” гэх хэлц түүний үгсийн санд хаа сайгүй хөглөрдөг. Үл хөдлөх хөрөнгийн бизнесээрээ дамжуулан төрөлх хотынхоо түүхэн соёлыг хадгалан үлдэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгтээ итгэлтэй явдаг, твиттерт 51 000 дагагчтай, дураар жиргэгч твиттерийн хатан хаан бүсгүйг Сosmo онцлон урилаа.

    Cosmo: Хамгийн анхны, зоримог шийдвэр чинь юу байсан бэ?
    Ц.Уянга: Аав, ээжийнхээ санал болгосон мэргэжил сонголтыг хүлээн зөвшөөрөөгүй, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зүтгэсэн минь байх аа. Би тэр үед 17 настай, тэр энэ гэж нэрлэх онцгой авьяас байсангүй. Манай гэрийнхэн намайг олон улсын харилцааны чиглэлээр сургахыг хүссэн болохоор бүтэн жил нэмэлт сургалтад суулгасан юм. Гэтэл би жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Харамсалтай нь шалгалтандаа уначихсан. Гэхдээ бас яах вэ, гуравдугаар шат хүртэл нь явсан шүү.

    Cosmo: Харамссан уу?
    Ц.Уянга: Сургуулийн гадна 200, 300 хүүхэд аав, ээжийгээ дагуулчихсан шалгалт өгч байхад би ганцаархнаа л зогсож байсан. Тэглээ гээд харамсаж, миний буруу гэж бодохгүй шүү дээ. “та хоёр дэмжсэн бол би тэнцэх байсан” гэж  байгаа юм чинь. Дутсан оноо нь ч шар хөдөлмөөр бага. Ойролцоогоор 0,01 оноо дутсан ч билүү дээ. Тэдний буруу юм шиг л ялархдаг хүүхдийн аашаа гаргасан. Бүтэн жил гэртээ сууж, гэрийн ажил хийх үүрэгтэй болж таарна биз дээ. Орсон, гарсан хүн болгон л “сургуульгүй, ажилгүй гэртээ зүгээр сууж байж ингэсэнгүй, тэгсэнгүй...” Гээд үглээд байхаар нь “тэгвэл би ажил хийнэ” гээд зүтгэчихсэн. Зарын дагуу Баянгол зочид буудалд зөөгчийн шалгалтад ороод тэнцсэн. Одоогийнхтой адил олон үйлчилгээний газар байгаагүй болохоор зөөгчийн шалгуур нь нэлээд өндөр байсан санагддаг. Тухайн үедээ бас боломжийн л ажил байлаа.

    Cosmo: Төсөөллөөс хэр өөр амьдрал байсан бэ?
    Ц.Уянга: Өөрийгөө гэр бүлийн өдөр тутмын амьдралд оролцоо өндөртэй, бараг л энэ айлыг аваад явна уу даа гэж бодож байсан чинь ажилд орсон анхны өдрөөсөө л амьдрал гэж арай өөр зүйл байдгийг мэдэрсэн. Гэр бүл, найз нөхдийн хүрээллээс өөр ертөнцөд орох амар байгаагүй. Тэнд хүнийг жинхэнэ утгаар нь ажиллуулж, сургадаг, үүрэг, хариуцлага гэж юу болохыг үзсэн дээ. Долоо хоног бүр их цэвэрлэгээ хийнэ. Янз бүрийн ажил хуваарилж өгнө. Ялангуяа шил, шаазан өнгөлөх ажил оногдох юм бол бүр ч хэцүү. Одоогийнхтой адил элдэв бодис байсангүй. Давс, сода л өгнө шүү дээ. Тэрүүгээр зүлгэнэ. Гар хуруу хагараад аймаар юм болно. Өөрийнхийгөө хийгээд дуусдаг бол ч яахав. Эгч нарын ажлыг давхар хийнэ, эсэргүүцэх эрх байхгүй. Суганыхаа булчирхайг цочтол зүлгэдэг байлаа. Их ч дэглүүлсэн. Юм бол сөрвөлзөөд л аавдаа, ээждээ хэлнэ гээд байж болохгүй. Надад чинь бас 17 насандаа тохирсон нэр хүнд байна аа даа. Тэрийгээ авч гарах гэж хэрэндээ шазруун, гүргэр байж ажлын ард гарч байсан минь одоо ч хэрэг болдог юм.

    Cosmo: Тэр эгч нарын зан чиний удирдлагын арга барилд байна уу. Бүр эсрэгээрээ юу?
    Ц.Уянга: Байна, мэдээж байна. Хүн бол өөрийнхөө ажиллаж, амьдарсан, сурсан орчны бүтээл. Ганцхан гэр бүлийн хүрээнд хүн болно гэж байхгүй. Сургууль, найз нөхөд, хороолол, хамт олны ямар л суурь соёлыг хүлээж авч байна, тэр бүхний тусгал болж боловсордог. Тэр эгч нартай ажиллаж эхлэхдээ би учраа олохгүй, савсганасан, үүрэг, хариуцлага ч гэж мэдэхгүй нөхөр байгаа шдээ. Хариуцлага ярихаар “би мэдэхгүй” гэж хэлдэг. Хүний дургүй хүргэмээр л хүүхэд байсан байх. Хэдийгээр ардчилсан тогтолцоонд шилжсэн ч социализмын арга барил, стандарт нь хэвээрээ үед ажиллаж үзсэнээрээ би азтай. Тэр үед боловсон хүчнээ бэлтгэж авдаг байлаа. Дан ганц ажил ч биш, харилцаа, зан аашийн хувьд ч суралцсан.

    Cosmo: Хэзээ “зугтсан” бэ?
    Ц.Уянга: Дараа жил элсэлтийн шалгалтаа өгч, нөгөө голж шилээд байсан олон улсын харилцааны ангид ороод л ажлаасаа гарсан. Аав, ээж хоёр ч энэ нөхөр яахав алдаад үзэг, өөрөө мэдрэг гээд л намайг зөнд нь орхичихсон юм билээ л дээ. Тэгээд би ч унасан, тэд ч санасандаа хүрсэн. Өсвөр насандаа томоотой, гэр бүлийнхнийхээ үгнээс тэр бүр зөрөөд байдаггүй хүүхдүүд байдаг л байх л даа. Манай хоёрын хувьд өөрсдөө залуухан байсан болохоор миний аргыг олох амьдралын туршлага бага байсан байх. Би ч тэдний төлөө амьдарч өгч, гийгүүлж байгаа юм шиг байдаг байсан.

    Cosmo: Зөрүүд охины бүхнийг сайхнаар хардаг “ягаан болор шил” хэзээ хагарсан бол?
    Ц.Уянга: Энэ тухай хэзээ ч бодож байгаагүй юм байна. Чамайг асуухаар чинь л бодлоо. Амьдралыг дандаа сайхнаар хардаг дэврүүн сэтгэл, зүрхний минь ягаан шил аавыгаа алдсаны дараа л хагарсан. Аав минь ажлаасаа тараад намайг хөтлөөд, дүүг тэврээд гэр рүүгээ хар хурдаараа... Гэрт ирэхэд ээж минь нөхрөөрөө хоолоо зөөлгөсөн танхи эмэгтэй... Би бас болоогүй ээ, боломж олдох бүрт аавыгаа айлын аавуудтай харьцуулаастай. “Та зээл аваад, наймаа хийгээч” гэдэг ч юм уу. Яагаад ч юм хөргөгч дандаа дүүрэн байдаг. Манайх ийм л гэр бүл байсан. Намайг хүүхэд гаргаад хоёр сар ч болоогүй байхад аав минь нас барсан. Тэр хүртэл үхэл хагацал гэдэг зүйлийг төсөөлдөг ч үгүй л явлаа. Ээжийнхээ сэтгэл санааг дэмжих ухаанаа ч олохгүй. Хичээлээ тараад гэртээ хурдхан очих ёстой гээд л гүйнэ. Нэг өдөр гэртээ ирсэн чинь хөргөгч хов хоосон, ярайсан тавиурууд. Амьдралдаа тийм байхыг нь хараагүй. Тэр үед яг юу бодсоноо санахгүй байна. Сандал дээр суугаад яах вэ гэж өөрөөсөө асуусан. “Би гэдэг хүн, хүнтэй сууж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Бас хүүхэд гаргачихсан байдаг” гээд зөндөө л юм бодсон.

    Cosmo: Шийдэл олсон уу?
    Ц.Уянга: Тэгээд л толгой ажиллаж эхэлсэн дээ. Өвлийн хүйтэнд гудамжаар алхаад л, юу ч юм хайгаад, нэг л мэдэхэд ахындаа ирчихсэн байсан. Анх цалин авч үзсэн гараа минь бар, ресторан байсан болохоор вискиний наймаа хийвэл болмоор санагдаад, ахаасаа 50 доллар зээлсэн. Маргааш нь таван цагт босоод нисэх рүү очиж, хамаатны ахаараа хамгийн хямдхан виски авахуулаад, хичээл рүүгээ гүйчихсэн. Хичээлээ тараад мөнгө зээлсэн ахаараа хэдийг нь заруулаад, үлдсэнийг нь орой хүүхдийнхээ тэргэнд хийж аваад барнуудаар явж зарсан. Эхний 7 хоногтоо 50 долларын ашигтай ажилласан. Хоёр дүүгээ дагуулж нарны титэм орж хувцаслаад, дэнжийн мянга орж хүнсээ цуглуулж  билээ. Энэ наймаагаа жил хэртэй хийгээд бараг 2500 доллартай болж байгаад хүнд хулхидуулчихсан. Сургуулиа төгсөөд орос руу хоёр жил хэртэй сурах ч биш, наймаа хийгээд ч байгаа юм шиг тийм нэг ойлгомжгүй байсан. Ирээд 23 настайгаасаа тасралтгүй зургаан жил төрийн албанд ажилласан. Тушаалаар бүх зүйл зохицуулагддаг цэргийн байгууллагад жинхэнэ дэг журам гэдгийг мэдэрч, тайлбар тавих тухай бодох ч хэрэггүй, миний амьдралд юу тохиолдсон эсэх нь хэнд ч падлийгүй ертөнцөд орсон.

    Cosmo: Яг ямар байгууллага юм бэ?
    Ц.Уянга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гадаад харилцааг нь хариуцаж ажилласан. Төрийн алба нэг тийм тусдаа салангид, бүр бугшмал л гэмээр бүтэцтэй. Тэр дундаа цэргийн байгууллага бол бүр хаалттай нийгэм. Тэнд л хүний эрхийн хэм хэмжээг мөрдүүлэх төслийг хэрэгжүүлэх анхдагчдын нэг байснаараа их олзуурхдаг. Ардчиллаа ч сайн ойлгоогүй тэр үед бусдаас түрүүлж номын дуу сонсож, техник ажиллагаанд нь оролцсон.

    Cosmo: Чи twitter-ийн анхны тоглогчдын нэг?
    Ц.Уянга: Хүүхдээ гаргаад гэртээ сууж байхдаа твиттертэй танилцсан. Нөхрөөрөө заалгаж байгаад өөртөө акаунт нээж ороод мэдэх, мэдэхгүй дэлхийн оддыг дагасан. Ер нь монголоос хэр олуулаа юм бол гэж хайж үзсэн чинь ихэнх нь программистууд голдуу 30 гаруй хүн байсан. Энэ үеэс л сайтаас сошиал ертөнц бүрдэж байгаа үйл явцыг ажиглаж суусан. Энэ сошиал харилцаа чинь анхандаа хүн бүрийг хайрладаг, романтикладаг, уриалдаг байсан бол хувьссаар тэс өөр болж эвдэрч байна шүү дээ. Цаашдаа ч хувьссаар байх биз.

    Cosmo: “элийрэгч”-ийн жиргээ нэлээн хатуухан. Хараалын үг ч явж л байдаг?
    Ц.Уянга: Хүн бүхэнд төлөвшсөн байх ёстой үзэл бодол, соёл гэх мэт дундын зарчим байдаг байх л даа. Тэгтэл би нэлээд адгуу зангаараа яараад, түргэдээд байгаа минь бусдад хатуухан гэх сэтгэгдлийг төрүүлдэг юм шиг ээ. Хүмүүс өнөөдөр нэг л зүйлийн талаар хэд, хэдэн талаас нь өөр, өөрийнхөө мэддэг түвшиндээ яриад л, сунжирсан урт хэлэлцүүлэг болоод байгаа нь намайг бухимдуулдаг. Миний өнөөдрийн илэрхийлэл бас нэг л үзэгдэл байх. Нийгэмтэй адил хувьсах чанартай твиттерт арай түрүүнд орчихсон, илүү хурдан хувьсаж чадсан хүмүүсийн нэг нь би. Миний бичиж байгаа хараал ойлгож амжилгүй эдэлсэн эрх чөлөөний бялуурлын илрэл байж болох юм. Үнэндээ бид ардчиллыг ямар ч үнэ төлөхгүйгээр авчихсан. Хэн ч ардчиллын төлөө өлсөж, зодуулж, цусаа урсгаж, эрх чөлөөгөө хязгаарлуулаагүй. Тэр хэрээр ардчиллын үнэ цэнийг ч анзаарахгүй, хайнга ханддаг.

    Cosmo: Танай компанийн бүтээгдэхүүн дотоод заслын зураг, санааг хэн гаргадаг бэ?
    Ц.Уянга: Бас л хувьслын үр дүн. Анх компани байгуулж байхад том мөрөөдсөн, бүлт ярьсан, нэг л худлаа нэрийн хуудастай гурван хүн байлаа. Офисс ч байхгүй.  Зөндөө олон оролдлогоос анхны захиалагчидтай болсон. Харамсалтай нь алдаатай тооцоо гаргасан учир алдагдалтай ажилласан. Гэсэн ч захиалагчийнхаа итгэлийг авч үлдэхийн төлөө зүтгэсэн байх жишээтэй. Бид бусдын хөрөнгийг түрээсийн зах зээл дээр гаргана гэж авчихаад байдаг л нэг хямдхан хөрөнгө болгохыг хүсээгүй. Тэр тусмаа хэт хэлбэрдсэн, хэн нэгний хүүхэд насныхаа үлгэрийн цайз шиг эрээн мяраан зүйл бүр ч хийгээгүй. Зураг төслийн сайн компаниудын үнэ нь тэнгэрт хадчихсан, бид хүчрэхээргүй байсан болохоор би өөрөө зурж эхэлсэн. Мэргэжлийн бус учир алдаа ч их гаргасан. Гэхдээ л бидний хийсэн засал тухайн үедээ 110 хувийн үнэ цэнийг бий болгож чадсан, би ч их зүйлийг суралцсан даа. Мөнгөө хэмнэх гээд мужаан цех түрээсэлж аваад мод зүсэж, лакдаж ч үзсэн. Нялх хүүхдээ орхичихоод шөнөжингөө үртсэн дунд бужигнаж байгаад үүрийн 4 цагт такси олдохгүй, шууны булчин ч бадайрчихсан. Арай ядан гэртээ орж ирээд усанд орсон болж өөрийгөө хуурчихаад орондоо орно. Өглөө босоод хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажилдаа явж байхдаа “би юу хийгээд байна аа” гэж өөрөөсөө асуух үе ч байсан.

    Cosmo: Тийм үед чи өөрийгөө яаж зоригжуулж байв?
    Ц.Уянга: Аль нэг байгууллагад ажиллаж байгаа хүнд карьерын бодлого байдаг. Тэр түвшинд хүрэхийн тулд ийм, тийм зүйл хийнэ гэдэг төлөвлөгөөтэй байж болдог. Гэтэл хувийн бизнес эхлүүлэхээр юм болгонд жижигдэж эхэлдэг юм билээ. Ядарч явах үедээ хүн бүтэн сэтгэдэггүй. Бизнест бүтэлгүй тэнэг юм хийх үе 10, 20-иор ч тогтохгүй. Эхлүүлсэн ажлаа бүхэлд нь харж чадахгүй, эсвэл задарсан жижиг хэсгүүдээ эвлүүлж ойлгож ухаарахгүй байх үе ч бий. Бүтэлгүйтвэл нэг нэгнээ буруутгаад, бөөн хашгираан болох үе ч бий. Тиймээс ямар ч үед тэвчээр л хэрэгтэй.

    Cosmo: Нөхөртэйгээ бизнест хамтрагч байх ямар байдаг вэ?
    Ц.Уянга: Эхэндээ бид тусдаа эрх, үүрэгтэй хуулийн этгээд гэж харилцахгүй байсан болохоор маш төвөгтэй байсан. Хувийн харилцаагаа ажилдаа гаргана. Энэ нь манай компанийн том алдаануудын эх үндэс болсон байсан. Тиймээс хэн, хэн нь хариуцлага, эрх мэдэл, үүргээ ялгаж авсан. Одоо бол амар байна.

    Cosmo: Гадаад хүнтэй гэр бүл болоод, Монголд амьдрах сонголт хийхэд ч амар байгаагүй байх?
    Ц.Уянга: Сонголт хийсэн гэх нь зөв биш ээ. Нөхөртэйгээ танилцаж байхдаа би өөртөө хэтэрхий итгэлтэй, бардам, сайхан, цэл залуухан байлаа. Нөхөр сонгож олдог нас биш байсан гэмээр ч юм уу. Бас учраа олохгүй нялх хүүхэд бас биш. Ажил, амьдралд өөрийгөө сориод, няслахад унахааргүй болчихсон үе. Амьдралд нэг алдчихсан юм чинь тодорхой байр суурьтай, өөрийн үзэл бодолтой, сэтгэл санаа нь төлөвшчихсөн хүнтэй амьдрал зохионо гэсэн олон шалгууртай, урт жагсаалт миний сэтгэлд байсан. Гэтэл манай хүн юугаа ч мэдэхгүй залуухан, нэг үгээр бол миний шалгуураас эсрэгийн эсрэг хүн байлаа. Ядаж байхад гадаад хүн. Эхэндээ бол юун гэрлэх тухай бодох нь байтугай намайг эргүүлэхэд нь “юу вэ, тийм юм байхгүй шүү” гэж боддог байсан. Урмыг нь бодож аяга кофе хамт ууж, намайг цаг хугацаа өнгөрөхөд ийм хэмжээний шийдвэр гаргуулж, 13 жилийн хамтын амьдралын түүхийг бүтээсэн нь тэр хүний надад хандах хандлага, хүндэтгэл, дотоод ертөнц, сэтгэлийн л хүч байсан. Эмэгтэй хүний хүсдэг ямар л аз жаргал байна, тэр бүхнийг надад өгчихсөн байхад хөндлөнгийн хүний нүдэнд тохируулж амьдарна гэдэг эмгэнэлтэй хувь заяа болно биз дээ. Ер нь гадаад нөхөртэй нь чухал биш. Тэдний нөхөр тэгдэг, ингэдэг, яаж яваад тэрэнтэй суучихваа гэдэг ч юм уу бусдын амьдралд хөндлөнгөөс хандаж, шүүдэг бол тэнэглэл. Тэрэнд нь шүүгдэж амьдарна гэдэг байх ёсгүй л зарчим. Ганц би ингэж яриад байгаа биш биз дээ. Хүн төрөлхтөн хүнийг дээдэлсэн харилцаа, хайрын тухай ойлгох хүртлээ өнөөдөр бидний хийгээд байгаа мангар үйлдлүүдийг туулаад л ирсэн. Гэхдээ бүх зүйлд хариу олчихож чадаагүй л байна.

    Cosmo: Хэзээ хамгийн гоё, ганган байдаг бэ?
    Ц.Уянга: Сурагч байхдаа би сагс тоглосон, пүүзтэй охин байлаа. Ажилд ороод л “хэний ч нүдэнд өртөхгүй” гэж булан тойрч явдаг хүүхэд байхаа больсон. Амьдралыг өөрийнхөөрөө тамгалж, байр сууриа эзлэх хүсэл төрдөг юм билээ. Чамайг энд байна гэдэг “сүүдэр”-ийг бусад нь олж харахад нөлөөлдөг нийгмийн хэмжүүрүүдийн нэг нь хувцаслалт. Би 30 хүртлээ ертөнцийн анхаарлын төв байх зорилготой байсан байх аа. Одоо бодоод байхад хамгийн мөнгөгүй үедээ хамгийн их гоёдог байжээ. Ашгүй яаж тэр үед трэнд гэдэг ойлголт монголд орж ирээгүй байсан юм бэ гэж бодогдчихлоо.

    Cosmo: Одоо бол?
    Ц.Уянга: Үзэл бодол минь хувьсахын хэрээр хувцаслалтад хандах хандлага минь ч өөрчлөгдсөн. Одоо би өөрт дарамтгүй, чөлөөт байдлыг эрэлхийлэх болсон. Сайхан харагдах хүсэл минь харин буураагүй. Арга хэмжээнд уригдсан бол ач холбогдол өгч гоёод бусдын сайхан харцаар шагнуулмаар л байна шүү.

    Cosmo: Чиний сонголт их зоригтой гэдэг нь анзаарагддаг шүү?
    Ц.Уянга: Одоо ч их даруухан болчихоод байна. Маш хүнд, том чулуун элементүүдийг ашиглах дуртай. Нэлээд этник загвартай байх ёстой. Хаана ч харж болох, аль ч улсад шоппинг хийхдээ олж чадах зүйл хэзээ ч авдаггүй. Дахин давтагдашгүй, бусдад хэзээ ч мартахааргүй гүн сэтгэгдэл, дурсамж үлдээж чадах өвөрмөц аксессуарт татагддаг. Яг тиймийг олж авна гээд эрж хайгаад явдаггүй ч очсон газраасаа юу авч болохыг төлөвлөдөг.

    Cosmo: Хэр мөнгө зардаг бэ?
    Ц.Уянга: Тийм ч их биш. Гэхдээ нүдэнд туссан бол зоригтой худалдан авалт хийдэг. Энэ зүүлт миний биеийн нэг хэсэг гэж мэдэрч чаддаг байх хэрэгтэй. “би оршин байна” гэж өөрийгөө илэрхийлэхэд аксессуар тусалдаг.

    Cosmo: Бие галбиртайгаа хэр хүч үзэлцэж байна?
    Ц.Уянга: Зарим хүмүүс байгаа байдалдаа гомдоллоод л, буруутгах шалтгаан олчихсон л яваад байдаг. Өөрийгөө хайрлаагүй юм байж, бусдыг буруутгаж, эмгэнэлт хувь тавилангийн хатан хааны дүрд тоглож байгаа юм шиг амьдардаг. Өөрийгөө ингэж амьд үхдэл мэт үнэлж, чирж явах ямар шаардлага байна аа. Гэртээ хэвтээд байвал амьдралыг улам л үзэн ядаад байна шүү дээ. Тийм хүмүүс өөрийгөө өшиглөөд босгох хэрэгтэй. Харвин бол ангайгаад хэвтэж байхад чинь хэдэн саяараа үржиж, чамаас салахгүй зууралдах сая сая эсүүд. Нүүрээ угаахгүй, шүдээ угаахгүй бол дэлбэрчихнэ гэж мэддэг шиг өглөө босоод гүйхгүй бол ямар болохоо мэддэг байх хэрэгтэй. Тиймээс л би биедээ ачаалал авах дуртай.

    Cosmo: Чиний аз жаргалын хэмжүүр?
    Ц.Уянга: Бусадтай л адилхан. Гэр бүл минь миний аз жаргалын хэмжүүр. Ганцаардахаас айдаг. Нийгмийн харилцааны нэг хэлтэрхий байсаар байхыг хүсдэг. Хэн ч надтай харилцахгүй юм бол ямар ч сайхан гэр бүлтэй байгаад хэрэггүй. Тиймээс харилцаанд орж болох ямар л сүвэгч байна, тэр бүрээр харилцаа үүсгэх хэрэгтэй. Зөв юм ярина уу, мангар ч юм ярина уу, ярианд оролцох л хэрэгтэй.

    Cosmo: Өөрийгөө цэнэх хэрэггүй гэж үү?
    Ц.Уянга: Нийгэм алдаа оноогүй дүрийг захиалаад байдаг. Тийм сайхан, ийм ухаантай гээд гоёчилсон, хэт өндөр түвшинд үнэлдэг зан манайханд байна. Өнөө хүн нь нэг өдөр өөрийнхөөрөө алдахаар “энэ муу чинь, одоо...” Гээд үзэн ядаад, нийлж байгаад “алдаг” байх жишээтэй. Бусдад зориулсан дүр бүтээж амьдраад аз жаргал эдэлж чадах уу гэдэг асуултын хариултыг бодоод үз л дээ. Тэр тусмаа эмэгтэй хүнд хэтэрхий олон шалгуур тавьж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд хөтөлдөг. Ядуу, архичин гэр бүлд л хүчирхийлэл байдаг гэж ойлгодог бол эндүүрэл. Боломжийн сайхан амьдралтай айлд хүчирхийлэл нуугдаж байх нь олон. Тэр байдлаа илчлэх гэхээр өөртөө байгаа үнэ цэн, нэр хүндийг алдана гэж айгаад яваад байдаг амьд жишээ зөндөө л байна.

    Cosmo: Чамд ийм байдал тохиолдвол яах тухай бодож үзсэн үү?
    Ц.Уянга: Магадгүй би 40 насны хямралаасаа болоод, энэ амьдрал уйтгартай ч юм шиг санагдаад хэн нэгэн залуутай гэр бүлээс гадуурх харилцаанд орчихоод тэр хүндээ дарамтлуулах ч юм билүү. Маргааш юу болохыг тооцоолох аргагүй. Муугаар төсөөлөхөд ийм зүйл тохиолдож, чамд ямар нэгэн дарамт ирэх юм бол ойр дотны хэн нэгэнд заавал хэлээрэй, битгий нуугаарай гэж би өөртөө сануулдаг. Алдагдаагүй аз жаргал, эвдрээгүй үлдсэнээ хамгаалж үлдэхийн тулд хүчирхийлэл харгислалтай тэмцэх л хэрэгтэй. Худлаа нэрэлхээд юу ч хождоггүйг би найзынхаа амьдралаас харсан. Хүн 40 хүрэхээрээ алдах юмгүй мэт санагдах үе тохиолддог бололтой. Төвөгтэй харилцаа амьдралд нь үнэ цэнтэй болох алхмын дараа гэр бүлийн аз жаргалаа эргүүлээд олж авна гэдэг маш хэцүү.

    Cosmo: Нөхөр чинь нууц амрагтай болж, магадгүй чи өөр нэгэнд сэтгэл алдарсан үед гэр бүлээ авч үлдэх ямар арга байдаг бол?
    Ц.Уянга: Биеэр эдлээгүйг онолдож ярих амархан. Гэтэл бодит байдал дээр юу болох билээ. Тэрнээс өмнө сэтгэл зүйн бэлтгэлээ хийж байх ёстой байх. Муудалцахаараа бид бусдыг хамгийн ихээр өвтгөж болдог цэгийг оносон үг сонгож хэлдэг. Тиймээс тийм юм болохоос, эрүүл ухаантай байгаа дээрээ үүсэж болзошгүй эрсдлийг тооцож, ингэхийг хичээх юм шүү гэсэн бодол надад бий. Хичээх юм шүү гээд байгаагийн шалтгаан нь бид байнга хувьсаж байдаг учир шууд тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд хэцүү. Бусдыг дайрсан амьдрал намайг тойрно гэж байхгүй. Магадгүй алдаа хийж аальгүйтсэн, тэр нь хэн нэгэндээ илчлэгдсэн үед бидэнд гэр бүлээ, хайраа аврах төлөвлөгөө байж яагаад болохгүй гэж. Хамгийн зөв хувилбар бол ийм зүйл багтах зайгүй, өдөөлттэй амьдарч, үргэлж хамт байх юм. Үнэхээр энэ нь болохгүй бол хэн хэндээ дахин дурлах ямар хөтөлбөр байна, хэрэгжүүлэх хэрэгтэй.

    Cosmo: Баяртай 30 нас, сайн уу 40 нас минь гэж хэлэхэд ямар мэдрэмж төрж байна?
    Ц.Уянга: Тодорхой зүйл хэлэхэд амаргүй л байна. Асуудал, бухимдал хэзээ ч зогсохгүй юм байна гэдгийг мэддэг болсон. Асуудлыг шийдвэрлэж чадахаар бол алмайрч суулгүй өөрийгөө болон бусдыгаа тамлан зовоохгүй алхмууд хийнэ. Шийдэж чадахгүй гэдгээ мэдэж байвал зовлон болгохгүйгээр хаяж сурдаг л юм байна.

    Cosmo: Илэн далангүй байсанд баярлалаа, амжилт!
    Ц.Уянга: Та нарт ч баярлалаа.

    -Ярилцсан  Joe Black

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-06-21 13:52:18
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-06-21 14:53:50
    Ene hvnii vzel bodol nadad ih taalagddag...uchir ni uzel sanaa niilj bna...tand amjilt husie..ihiig hiij buteegeerei...
    Зочин - 2016-06-21 19:50:11
    Яг ярилцлага дээр мундаг юм шиг хэрнээ ФБ, Твиттерт ямар ч баримт нотолгоогүй юмыг шүүрч аваад цуурхал тараадаг, өөрт нь таалагдахгүй бол шууд дайрдаг онцгүй зантай хүн санагдсан.
    Зочин - 2016-06-21 20:02:46
    Ёс суртахууны доголдолтой хүн шиг санагддаг. Зарммдаа эрүүл үү гэмээр. Юманд дүгнэлт хийхдээ тааруухан. Хүний бөгс ухдаг. Ер нь бол онцгүй.
    Зочин - 2016-06-21 22:52:26
    dajgv l hvn shig sandiiishd ter enkhbayr-n ehner-n hajuud 100 huvi deeer shvvv
    Зочин - 2016-06-22 14:40:49
    TtMKdnice