• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-10-27 16:58:40
    Уншсан: 7511
    Сэтгэгдэл: 0

    Ч. Ганжавхлан: Өөрсдөө сайхан бүхнээ бүтээе7404

    Cosmo уншигчид чамайг хэд хэдэн аяны санаачлагч, зохион байгуулагч гэдгээс илүү сайн  мэдэхгүй байх. Өөрийгөө товчхон танилцуулаач?

    Би Улаанбаатарын унаган хүүхэд. Нэгдүгээр дунд  сургуульд сурч байгаад  Солонгос руу багадаа явсан. Тэндээ орчуулагчаар, дараа нь  Бээжинд бизнесийн удирдлагаар 5 жил сурч бас  Америкт нэг жил болсон.

    Анх яагаад хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа руу орох болсон юм бэ?

    Амьдралд хүнийг өөр зам руу алхуулдаг агшин хором гэж байдаг юм болов уу. Нэг өдөр ажлаа тараад Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдүүр гарч явахдаа хөгжлийн бэрхшээлтэй нэг ах “Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон барьж суухыг хараад  дэргэдүүр нь зүгээр л өнгөрөөд явчихаж  чадаагүй.  Очоод уулзтал цагдаа нар юм яриулаагүй. Утасны дугаарыг нь аваад, орой нь гэрт нь очиж уулзсан. Гэрт нь очоод үнэхээр эмзэглэсэн. Тэр хүний амьдралыг харахад итгэхгүй байхын аргагүй байсан л даа. Хүний наймааны золиос болсон охиныхоо төлөө өчнөөн  жил тэмцэн, хандаагүй газаргүй болоод аргаа барчихсан хүн байсан юм. Би “Энэ зөвхөн таны асуудал биш ээ. Танд хэрвээ зориг байвал үүнийг нийгэмд илчилье” гэсэн. Гэтэл Ганзориг ах “Чамд харин зориг байна уу?” гэж асуусан. Ингэж л бүх зүйл эхэлсэн.  Эхлээд бид хоёр энэ хэргийн тухай бичлэг хийж youtube дээр тавьсан. Дараа нь social network-ийг ашиглан мэдээллээ түгээх болсон.  Харамсалтай нь, Ганзориг ах маань удалгүй өөд болсон. Шүүхийн шинжилгээгээр харвалт гэсэн онош тавигдсан  ч сэжигтэй зүйлүүд их байдаг.

    Хүчирхийллийн ийм хэргүүд газар авсны учир шалтгааныг чи юу гэж боддог вэ?

    Би хотын захын хорооллын уулан дээр гаран, энгэрээр нь дүүрэн айлуудыг хараад “Энэ бэлд байгаа олон айлуудад нийт хэдэн цагдаа ноогддог бол ... ” гэж боддог юм. Энэ олон айлуудад хэн нэгэн хүчирхийлэлд өртлөө гэхэд цагдаа, эмч хэдэн минутын дотор ирэх бол, ер нь ирэх болов уу гэж боддог. Гудамжууд нь  тас харанхуй, бас утаатай дүр зураг харагддаг. Монголд энэ хэрэг газар авч байгаа шалтгаан нь ядуурал, бас иргэнээ хамгаалах, хүрч ажиллах боломжгүй нөхцөл байдал. Захын хорооллын охидууд ихэнхдээ энэ хэрэгт өртдөг нь үүнтэй холбоотой.

    Энэ гэмт хэргийн хохирогчдын талаар тоо, судалгаа  байдаг. Гэвч энэ бол далд гэмт хэрэг. Эдгээр  тоо бодит байж чаддаг уу?

    Үүнийг би ч ганцхан биш, Хүчирхийллийн эсрэг байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. Монголд асар олон хохирогчид дарамт ирэхээс айн, дуугүй явж байна. Тэднийг янз бүрийн машин дагадаг, гэр бүлийг нь бусниулдаг, ойр дотныхныг нь хороодог. Гэрчүүдэд өөрсдийгөө хамгаалуулах боломж өнөөдөр байхгүй. Хүний наймааны хохирогч болсон талынхнаас таван үйлдлийн нэг нь л хууль, цагдаагийн байгууллагад ханддаг гэсэн судалгаа байдаг. Хэрэг нь шийдэгдэж байгаа нь 50 хувьтай л байдаг байх. Түүнээс гадна, нийгэм нь хүний наймааны хохирогчийг биеэ үнэлэгч мэтээр хүлээж авдаг нь бүр хэцүү.

    Энэ гэмт хэргийг таслан зогсоохын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

    Юуны өмнө захын гэр хорооллын жижиг зочид буудлуудыг камержуулах, түүгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг бүртгэх шаардлагатай. Бүртгэлээр насанд хүрч үү, үгүй юу гэдэг нь харагдана. Мөн одоо хэрэгжиж байгаа тунхагийн шинжтэй хуулийг шинэчлэх хэрэгтэй. Нийгмийн хүрээнд биеэ үнэлэлт ба биеийг нь хүчээр үнэлүүлэх хоёрын ялгаа заагийг гаргах ойлголтыг хүмүүст түгээх хэрэгтэй. Өнөө хүртэл хүний наймааны хэрэг  зөвхөн биеэ үнэлэлт гэдэг ойлголтын доор явж ирсэн. Жишээ нь, хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа охиныг босс нь 2-3 удаа цагдаад бариулаад биеэ үнэлэгч гэсэн бүртгэл хийлгэчихдэг. Биеийг нь үнэлүүлж байгаа хэрэгтэн нь хамт баригдчихаад үгийг нь хэлүүлдэггүй. Тэгээд хохирогч дараа нь мянга үнэнээ хэлээд ч хүлээж авахааргүй болгодог. Эцсийн эцэст монголчууд өөрсдөө ч гэсэн биеэ үнэлэгчийг авав уу,  хүний наймааны хохирогчийг авав уу  гэдгээ мэдэхгүй л гарч байгаа.

    Чамд ямар нэгэн дарамт ирдэг үү?

    Одоогийн байдлаар биед халдсан юм бол алга. Гэхдээ утсаар бол нэлээд их заналхийлэл,  сүрдүүлгүүд  ирдэг. Би ч  үүнийг нэг их тоохоо байсан. Мэдээж ямар нэгэн эрсдэл ирнэ гэдгээ мэдэж л энэ хэргийн эсрэг тэмцэж байгаа. Гэхдээ хувь хүнийхээ хувьд надад нэг их айдас байдаггүй ч, гэр бүлийнхнийхээ төлөө санаа зовдог.

    Хүмүүсийн төлөө өөрийгөө эрсдэлд оруулж явахаар больдог ч юм уу гэж эргэлзэж  байсан уу?

    Хүний амьдралд утга учир гэж бий. Ганзориг ах шударга үнэний төлөө амиа золиосолсон. Бүх зүйл зүв зүгээр байж байгаад өөрчлөгдчихдөггүй шүү дээ. Амьдарч байгаа орчноо өөрчлөхийн тулд залуучууд ч гэсэн ямар нэгэн золиос гаргах хэрэгтэй. Манай нийгэм бол золиос гаргахгүй байх аргагүй нийгэм гэж би боддог. Хэн нэгэн, хэзээ нэгэн цагт өөрчилнө гэж амиа бодож суугаад юу ч өөрчлөгдөхгүй. Зарим улс орон сайхан болохын тулд хэдэн хүнээ  биш, бүтэн нэгэн үеэ золиосолсон түүх байдаг шүү дээ. Нэгэн үе нь хөдөлмөрлөж, өлсч, цангаж байж дараагийн үедээ хөгжсөн улсууд байдаг. 

    Чамайг дэмждэг, хамтардаг  залуус хэр олон байгаа вэ?

    Одоо бол ганцаараа биш болсон. Нэлээд залуучууд байгаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй  хамтран ажиллаж байна.  “Халуун сэтгэл” аяныг дэмждэг залуус бүр олон болсон. Нийгмийн хамгийн эмзэг хэсэгт туслахаар хэзээ л бол хэзээ гарч ирж чаддаг  залуус.

    Энэ жилийн “Дулаан өвөлжье” аянаараа 1000 хүнд хувцас өгсөн гэсэн. Анх яагаад энэ аяныг эхлүүлэх болсон юм бэ?

    Улаан чулуут дээр хүмүүс амьдардаг гэхээр нь очиж үзэхээр гэртээ байсан илүү хувцсаа аваад очсон. Анх тэднийг үнэндээ архи уудаг хүмүүс л гэж боддог байсан шүү. Хог түүхийг “ажил” гэж ерөөсөө бодож байгаагүй. Харин очоод уулзахад яг л бидэнтэй адилхан өглөө хувцсаа өмсөөд ажилдаа гардаг, бас архи уудаггүй хүмүүс байсан. Би тэнд  дахиад очсон. Анх ингэж явахад хүмүүс намайг тоодоггүй байлаа л даа. Тэгээд би поостолж эхэлсэн юм. Бидэнд маш их илүү хувцас байдаг. Гэтэл тэнд ажиллаж байгаа хүмүүс хөлдөхөөс наагуур байна, бүгдээрээ илүү хувцсаа өгцгөөе гээд. Ажлынхаа дараа шөнө машинаар яваад хувцсаа цуглуулдаг байлаа. Дараа нь залуучууд нийлж эхэлсэн. Ингэсээр байгаад эхний аянд 130 гаруй залуучууд оролцож 600 хүнд хувцас өгсөн. Түүнээс хойш “Халуун сэтгэлийн тэврэлт”, цас цэвэрлэх “Сэтгэлийн 1000 бэлэг”  зэрэг 5 аяныг өрнүүлсэн. Энэ бэлэг тэдний амьдралыг өөрчилж чадахгүй ч гэсэн жаахан ч гэсэн урам зориг, баяр баясгалан  өгье л гэж боддог.

    Та нар  шинэ жилээр өвлийн өвгөн, цасан охин болж хүүхдүүдэд бэлэг өгч байсан? Үүнийг яаж зохион байгуулсан бэ?

    Бид 1400 хүүхдэд бэлэг хүргэж өгсөн. Эхлээд хорооноос эмзэг бүлгийн 200  өрхийн судалгааг аваад эхний айлд ороход л лед зурагттай машинтай айл байсан л даа. Тэгэхээр тэр жагсаалтыг нь урж хаячихаад бид айлуудаа өөрсдөө сонгоод бэлгээ өгсөн.

    Чиний зорилго юу вэ?

    Бид бүгдээрээ сайхан амьдрахыг хүсдэг. Харин өнөөдөр тийм нөхцөл боломж бага байна ш дээ. Энэ гэхдээ ганцхан миний мөрөөдөл, зорилго биш байх. Тэр амьдармаар байгаа сайхан нийгмээ амьд байгаа дээрээ өөрсдөө бүтээн байгуулаад, амьдралынхаа үлдсэн хугацааг тэндээ өнгөөрцгөөе л дөө. Энэ л утга учиртай амьдрал байх болов уу.

    Амьдралынхаа зорилгыг хувийнхаа амьдралтай хэрхэн холбох вэ?

    Энэ заавал хоёр сонголт байх албагүй. Хоёуланг нь зохицуулж авч явж болно гэж бодож байна. Жишээ нь, бизнес хэдий ашгийн төлөө байдаг ч утга учиртай зөв бизнес байж болно шүү дээ.

    Манай Cosmo сэтгүүл чамаас эмэгтэй хүний тухай бодлыг чинь асууж байна?

    Энэ чинь их хэцүү асуулт байна даа. /Инээв/ Эмэгтэй хүн эмэгтэйлиг шинжээ хадгалж явбал гоё байх. Байгалиас заяасан эмэгтэйлиг чанараа хадгалж яваасай гэж боддог.

    Ганжавхлан намайг ихийг бодоход хүргэсэн юм. Тэр залуухан бас хэтэрхий гэмээр зоригтой. Түүний төлөө санаа одоо ч зовсоор л байна... Хүний наймааны эсрэг зогссоор дууссан Ганзоригийн тухай ярихдаа түүний хоолой чичирч байсныг би мэдэрсэн. Бас тэр “Ганзориг ахыг бодохоор надад бууж өгөх эрх байхгүй” гэж хэлсэн. Манай сэтгүүл хүчирхийллийн эсрэг. Cosmo дандаа урам зориг хайрладаг ч энэ тухай дуугарахгүй байж чадсангүй. Асуудал үнэхээр зүрх шимширмээр хэмжээнд хүрчээ. Ганжавхланд түүнийг дэмжих залуусын дуу хоолой, хүч зориг хэрэгтэй.

    Ярилцсан: A.Munkhjin

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-27 16:58:40
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.