• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-05-16 10:27:35
    Уншсан: 8516
    Сэтгэгдэл: 0

    Мюзикл жүжигчин Ванесса Хадженс1540

    Нэр: Ванесса Энн Хадженс (Vanessa Anne Hudgens)
    Төрсөн он, сар, өдөр: 1988 оны арванхоёрдугаар сарын 14.
    Төрсөн газар: АНУ, Калифорниа, Салинас 
    Орд: Нум

    Ванесса Хадженс... Өсвөрийнхөн, залуус түүнийг“High school musical”-ын Габриэл Монтезын дүрээр нь сайн мэддэг, үүнд нь ч хайртай. Авьяаслаг жүжигчин бүсгүй энэ кинонд тоглож байхдаа 17 настай байсан. Харин одоо тэр 23-тай бүсгүй. Ванессагийн хувьд Селена, Дакота, Кристен нартай харьцуулахад өдий балчраасаа кинонд тоглоогүй ч 14 настайгаасаа эхлэн дэлгэцэнд дүрээ мөнхөлж, үзэгчидтэйгээ хамт өссөн. Дэлгэцийн бүтээлд тоглохын сацуу телевизийн цувралд олон дүр бүтээжээ. Мэдээж, тэр бас авьяаслаг дуучин. 2006 онд гаргаж байсан анхны “V” цомог нь Биллбоард 200-гийн 24 дүгээрт бичигдэж байсан юм. Холливудын залуу од Ванесса Хадженстай илүү “дотно” танилцацгаая.

    Ванесса Ирланд, уугуул Америк болон Хятад-Филиппин-Испани гаралтай. Түүний аав гал сөнөөгч бол ээж нь оффисын ажилтан. Тэр нэг эмэгтэй дүүтэй. Стелла Хадженс ч мөн  эгчийнхээ нэгэн адил авьяаслаг жүжигчин болж буй. Ванессагийн урлагийн авьяас түүний цусанд нь шингэсэн байжээ. Учир нь түүний хоёр талын өвөө, эмээ нь хөгжимчин хүмүүс байсан байна. Тийм ч учраас Ванессагийн дуулах авьяас багаас нь илэрч, тэр дөнгөж есөн настай байхдаа орон нутгийнхаа театрт дуучнаар ажилладаг байв. Тэр “King and I”, “The Music Man”, “Cinderella”, “The Wizard of Oz” зэрэг олон мюзикл жүжигт дүр бүтээж байсан. Харин Ванессаг арван настай байхад эцэг, эх нь Лос-Анжелес хот руу шилжихээр болсон нь авьяаслаг охинд харин ч том боломж нээж өгсөн юм. Ванесса Лос-Анжелест ирснийхээ дараа телевизийн сурталчилгааны шалгаруулалтанд түрүүлж, рекламанд дүр бүтээх болсон байна.

    Харин тэр 15 настайтай дэлгэцийн бүтээлд дүр бүтээжээ. 2003 онд “Thirteen” кинонд жижиг дүр бүтээсэн бол 2004 онд шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт “Thunderbirds”-д тоглосон байна. Гэвч түүний хоёр дахь дүр нэлээд шүүмжлэл дагуулж байсан ч ялагдлын дараахь ялалт ирж түүнд “High School Musical”-д гол дүр бүтээх боломж олдсон юм. 2005 онд тэр уг киноны эхний ангид тоглосны дараа маш олон шагналын эзэн болж, олны танил жүжигчин болсон. Үүнээс хойш тэр 2007, 2009 онд “High School Musical”-ын дараа, дараагийн ангид тоглосон нь мөн л амжилт дагуулсан байна. 2009 онд тэр хөгжмийн карьертаа түр завсарлага авч киноны ажилдаа илүү анхаарал хандуулна гэдгээ мэдэгдэж, үнэхээр ч тасралтгүй дүр бүтээсээр байв. Гэхдээ мэдээж тэр мюзикл кинонд дүр бүтээхээсээ ч татгалзсангүй. Дуучин, жүжигчин охин маань 81 дэх удаагийн Оскарын наадамд мюзикл тоглолт үзүүлж байв.

    Хадженс 2006 онд “Hollywood Records”-той гэрээ байгуулж, мөн оныхоо есдүгээр сард дебют цомгоо гаргасан нь “V” байв. Түүний анхны цомгийг “Come back to me”, “Say OK” зэрэг хит дуу нь тодорхойлдог. Харин 2008 онд тэр хоёр дахь цомог “Identified”-аа гаргасан юм.

    Мэдээж түүний нэр хүнд өсөх тусам орлого нь ч нэмэгдсээр байв. Тэр 2007 оноос эхлэн  хамгийн баян өсвөрийн жүжигчид, гучаас доош насны хамгийн их орлоготой жүжигчид зэрэг жагсаалтанд тогтмол багтаж ирснээс гадна мэдээж хамгийн тачаангуй бүсгүй, сайхан эмэгтэй шалгаруулалтанд бичигдсээр байна.

    Ванесса анх 2005 онд хамтран  тоглогч Зак Эфронтой танилцаж, тэд киноныхоо гурван цувралд тоглохдоо бие биедээ улам бүр татагдаж, 2007 оноос эхлэн албан ёсоор үерхэж эхэлсэн юм. Тэд кино бүтээлээс төрсөн өсвөрийнхний дунд хамгийн сайхан хосоор тодроод байв. Гэвч Ванесса, Зак нар 2010 оны арванхоёрдугаар сард хоорондын харилцаандаа цэг тавьсан юм. Харин 2011 онд жүжигчин Аустин Батлертай танилцаж, тэдний харилцаа болзоот залуусаас хайр сэтгэлт хос болтлоо үргэлжилсээр байна.  

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-05-16 10:27:35
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.