• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-06-25 11:35:55
    Уншсан: 23806
    Сэтгэгдэл: 4

    Бурхан Жизелийг бүтээсэн1742

    Төрсөн он, сар, өдөр: Жизель Кэролайн Бундхен (Gisele Caroline Bundchen)
    Төрсөн он, сар, өдөр: 1980 оны долдугаар сарын 20.
    Төрсөн газар: Бразил, Риу-Гранди-ду-Сул
    Орд: Мэлхий

    Загварын ертөнцийн хамгийн алдартай, хамгийн “үнэтэй” супермодель Жизель Бундхен. Тэр моделиудын үнэ цэнийг Холливудын жүжигчдээс өндөрт гаргаж чадсан. Яагаад гэж үү. Жизель Бундхен 2004 оноос хойш одоог хүртэл хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчөөр шалгарсан. 2011-2012 оны хооронд гэхэд түүний ашиг орлого 45 сая ам.доллараар үнэлэгдсэн. (хоёрт бичигдсэн моделийнх 9 сая ам.доллараар үнэлэгдсэн) Ингэснээр тэр Холливудын хамгийн өндөр орлоготой байсан эмэгтэй жүжигчнээс ч давж  гарч чадсан юм. Тиймээс ч тэр энтертайнмент ертөнцийн хамгийн баян эмэгтэйчүүдийн зургадугаарт бичигддэг.

     Жизель Бундхен, Gisele Bundchen, одод, хэн нь хэн бэ

    Дэлхийн хамгийн алдартай Бразил бүсгүй загвар өмсөгчөөс гадна НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн сайн дурын элч хийдэг. Түүнийг ийнхүү Бразил алдартай бүсгүй хэмээн тодотгох болсон нь ч учиртай. Жизель ерээд оны сүүлээр загварын ертөнцөд хүч түрэн орж ирэхдээ олон улсад нэрээ мандуулж чадсан хамгийн анхны Бразил модель байсан юм. 1999 онд “Vogue” сэтгүүл Жизель Бундхены тухай нийтлэлээ “Секси моделийн эрин үе эргэн ирлээ” хэмээн гарчиглаж байв. Үнэхээр ч Бундхен хамгийн тачаангуй моделиудын салбар “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрээр алдрын гараагаа эхэлсэн юм.

    Клаудия Шиффер, Наоми Кэмпбелл зэрэг загварын ертөнцийн “акул”-ууд түүнийг цорын ганц супермодель хэмээн дүгнэсэн байдаг.

    Бундхен Герман, Бразилын зургаа дахь үе. Тэр таван эгчийнхээ хамт Бразилын өмнөд мужийн Хоризонтино хотод өсч, торнисон байна. Түүний өссөн газарт Герман үзэл суртал, ёс зүй  давамгайлсан байдаг аж. Бундхены төрөлх хэл нь португали бол Испани, Англи хэлийг төгс эзэмшсэн. Харин бага байхдаа Герман хэл сурч байсан ч бусад хэл шигээ бүрэн эзэмшиж чадаагүй байна.

    Загвар өмсөгч болох гарааг нь ээж нь тавьжээ.

    Бундхены ээж гурван охиноо загварын дамжаанд анх хөтөлж аваачсан байна. Тэр үед Бундхен 13 настай байжээ. Түүнээс хойш нэг жилийн дараа Бундхен Сао Пауло хотод очиж, дэлгүүрээр хэсч байхдаа “Elite modeling agency”-гийнхэнтэй таарсан байна. Ийнхүү тэр “Elite Look of the Year” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцон, дэд байрт шалгарчээ. Дараа нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарснаар загварын ертөнцөд нэг мөсөн явж оржээ. Удалгүй тэр загварын карьераа хөөхөөр Сао Пауло руу шилжсэн бөгөөд 16 настайдаа анх Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзан дээр гарсан байна.

     Жизель Бундхен, Gisele Bundchen, одод, хэн нь хэн бэ

    Түүнийг загварын тайзнаа ид мандаж эхлэхэд загварын томоохон сэтгүүлүүд Жизель Бундхены тухай л бичих болов. “Vanity Fair” сэтгүүлд “... Бурхан Жизелийг бүтээсэн” хэмээн бичиж байв.

    1997 онд Лондонд очиж нийт 42 шоунд оролцсон нь түүний чансаа хэрхэн өссөнийг харуулж байв. Удалгүй тэр “Missoni”, “Chloe”, “Dolce&Gabbana”, “Valentino”, “Gianfranco Ferre”, “Ralph Lauren”, “Versace” зэрэг томоохон брэндийн кампанит ажилд оролцон, супер моделийн зургийг тэргүүн нүүрэндээ тавих гэсэн сэтгүүлүүд ар араасаа хөвөрч эхлэв. 2001-ээс 2006 оны хооронд Жизель Бундхены зурагтай 600 сэтгүүл хэвлэгдсэн бөгөөд энэ нь Диана гүнжийн дараа орох тоо байв.

    2000 онд “Victoria’s Secret”-тэй 25 сая ам.долларын гэрээ байгуулж, загварын түүхэнд өмнө нь тохиож байгаагүй рекорд тогтоосон юм. Ингэснээр дэлхийн топ модель гэдгээ анх удаа батлан харуулсан юм. Мөн онд “Marc Jacobs”, “Michael Kors”, “Dolce&Gabbana”, “Christian Dior”, “Valentino” зэрэг брэндийн Нью-Йорк, Милан, Парис дахь шоуг нээж, хаасан байна.

    Амжилттай яваа загвар өмсөгч бүсгүйгээр шүүгч хийлгэх гэсэн олон тэмцээн, телевизийн нэвтрүүлгүүд урилга хүргүүлж байв. Жишээ нь, “America’s Next Top Model” реалити шоуны Бразил дах цувралд хамтран ажиллахыг санал болгосон ч Жизель телевизийн салбарт ажиллах бодолгүй байна гэсэн хариу хэлсэн байна.

    2007 онд “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорсон  Жизелийн шагнал, шалгаруулалтын дараалал одоог хүртэл үргэлжилсээр байна. Загварын ертөнцийн хамгийн хүчирхэг эмэгтэй, хувцас үйлдвэрлэлийн хамгийн том од, бүх цаг үеийн ТОП-20 моделийн нэг, хамгийн тачаангуй бүсгүй, бүх цаг үеийн хамгийн халуухан эмэгтэй... гэх мэтээр үргэлжлээд л байна.

    Саяхан “Forbes” сэтгүүл Жизель Бундхеныг удахгүй хамгийн анхны тэрбумтан модель болж магадгүй хэмээн тодорхойлсон. Үнэхээр ч саятан модель маань загварын шоу, реклам, зар сурталчилгаанаас өндөр орлого олохын зэрэгцээ өөрийн гоо сайхан, гутлын брэндийг үүсгэн байгуулсан. Бас тэр 18 настайгаасаа эхлэн үл хөдлөх хөрөнгийн бизнес сонирхож эхэлсэн бөгөөд Бразилд томоохон зочид буудал, Брэнтвүүд, Коста Рика, Санта Моникад хаустай.

    Түүнчлэн Жизель Бундхеныг тодорхойлох өөр нэг салбар бол нийгмийн сайн сайханд зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа. Тэр хүмүүнлэгийн олон үйл ажиллагаа, арга хэмжээнд нэгдэн, дэмжиж ажилласаар ирсэн бөгөөд 2007 онд өөрийн “The Luz Foundation” сангаа байгуулж, охидод зориулсан олон төсөл хэрэгжүүлээд байгаа юм. Харин 2009 онд НҮБ-ын сайн дурын хүмүүнлэгийн элчээр сонгогдож, 2012 онд Хүрээлэн буй орчны асуудлаар анхны албан ёсны айлчлалаа Африкаас эхлүүлсэн. Сонирхуулахад, түүний нэгдсэн хүмүүнлэгийн үйлс бүрт өөрийнх нь брэндийн бүтээгдэхүүнийг олгодог юм. Түүнчлэн 2011 онд Жизель Бундхеныг “Greenest Celebrity”-гээр шалгаруулсан байна.

    Хүмүүнлэгийн элчээс гадна тэр муугүй жүжигчин. 2004 онд “Taxi” кинонд туслах дүр бүтээж байсан бол 2006 онд “The Devil Wears Prada”-д мөн жижиг хэсэгт тоглосон юм.

    Дэлхийн хамгийн халуухан бүсгүйн хувийн амьдрал, хайр сэтгэлийн асуудал хэн бүхэнд сонин, содон байв. Бундхен 2000 онд буюу ид мандаж байх үедээ алдарт жүжигчин Леонардо ДиКаприотой болзож, энтертайнмент ертөнцөд бүр ч их шуугиан тарив. Тэд 2005 он хүртэл үерхэж, хамгийн сайхан хосоор шалгарч байсан ч хоёр тийш болсон юм. Харин 2006 оны арванхоёрдугаар сард “New England Patriots”-ын довтлогч Том Брэдитэй болзож эхэлсэн. Тэд гурван жилийн дараа буюу 2009 оны хоёрдугаар сарын 26-нд Санта Моникад нэгэн жижигхэн католик сүмд хуримаа хийсэн юм. Хоёр сарын дараа тэд Коста Рикад дахин хуримаа хийж, Томын хүүг албан ёсоор хүлээж авчээ. Харин 2009 оны арванхоёрдугаар сард Бундхен хүүгээ төрүүлж, Бенжамин Рэйн Брэди хэмээн нэрлэсэн юм. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-06-25 11:35:55
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-06-25 16:37:17
    Super Model
    Зочин - 2014-02-28 22:37:12
    burhan jizeliig bvteesen um bdin bj busdi ni hen bvteechve?
    Зочин - 2014-02-28 23:42:00
    bas l burhan buteesen shuudee. Bid herhen tordsonoos yamar baih n shaltgaalah baih
    Зочин - 2014-02-28 23:52:31
    busdiig n ch gesen burhan butesen shudee. Herhen usalj tordsonoos bid yamar baih n shaltgaalah baih