• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-09-20 14:48:59
    Уншсан: 8397
    Сэтгэгдэл: 2

    Холливудын ялдам бүсгүй Гвинет Пэлтроу2179

    Нэр: Гвинет Пэлтроу (Gwyneth Kate Paltrow)
    Төрсөн он, сар, өдөр: АНУ, Лос-Анджелес
    Төрсөн газар: 1972 оны есдүгээр сарын 27.
    Орд: Жинлүүр

    Гвинет Пэлтроу, Gwyneth Paltrow, одод, хэн нь, хэн бэ, Холливудын сэтгэл татам шаргал үст бүсгүйчүүдийн нэг Гвинет Пэлтроу. Цаанаа л ялдам, даруу инээмсэглэлтэй энэ бүсгүйн жүжиглэх ур чадвар, биеэ авч явах байдал, гоо үзэсгэлэнд татагддаггүй кино сонирхогчид тун ховор. Ерээд оны дунд үеэс кино ертөнцөд ид мандаж эхэлсэн тэрээр 27 насандаа Оскарын шагналт шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон юм.

    “Seven”, “Emma”, “A Perfect Murder” зэрэг олон шилдэг кинонд тоглосон Гвинетэд Оскар авчирсан дүр нь “Shakespeare in Love”-ын Viola De Lesseps. Гвинет Пэлтроугийн кино карьерын замналыг 90-ээд оны сэргэн мандалт, 2008 оны эргэн ирэлт хэмээн хоёр хувааж болохоор юм. Учир нь жүжигчин бүсгүй 2002-2007 оны хоорондох хэсэг хугацаанд кино урлагаасаа холдсон. Авьяаслаг жүжигчин бүсгүйн чадварыг зөвхөн жүжиглэхээр хязгаарлаж боломгүй. Түүний бичсэн “My Father's Daughter: Delicious, Easy Recipes Celebrating Family & Togetherness” нэртэй ном нь худалдаанд гарсан даруйдаа уншигчдыг байлдан дагуулж байв. Бас тэр чадварлаг дуучин. “Just My Imagination”, “It’s Only Love”, “Bettle Davis Eyes”, “Country Strong” зэрэг өөрийн тоглосон олон киноны дууг дуулж, амьдруулсан. 2005 оноос “Estée Lauder” гоо сайхны брэнд болон Америкийн алдарт “Coach”-ийн нүүр царай болсон юм. Сайхан сэтгэлээ хүмүүнлэгийн үйлсээр дамжуулан хүргэдэг тэрээр “Save the Children”-гийн элч, “Robin Hood Foundation”-ы удирдах зөвлөл юм. Энэ гайхалтай бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялахыг хүсье.

    Гвинет Пэлтроу алдартай аав, ээжийн охин. Түүний аав нь нэртэй найруулагч, телепродюссер Брюс Пэлтроу бол ээж нь алдартай жүжигчин Блайт Деннер. Гвинетийн аав еврей гаралтай бол түүний ээж нь Пеннсильвани-Голланд. Харин өвөг эцэг нь Польш гаралтай хүн байсан байна. Гвинетийн эрэгтэй дүү Жэк Пэлтроу нь найруулагч. Бяцхан Гвинет хүүхэд байхдаа орон нутгийнхаа театрт ажиллаж, хэд хэдэн жүжигт амжилттай тоглож байжээ. Санта Моникад хүүхэд насаа өнгөрөөсөн жүжигчин бүсгүй маань охидын сургуульд сурч байгаад Санта Барбара дахь Калифорнийн Их Сургуульд элсэн суралцаж байсан байна. Ямар мэргэжлээр гээч? Урлагаас огт өөр антропологи, түүх судлалын ангид суралцаж байжээ. Гэвч жүжигчин болох хүсэлдээ дийлдэн сургуулиа дүүргэж чадаагүй байна. Ээжийнхээ тоглосон жүжгийн байнгын үзэгч байсан өсвөрийн охин 1990 онд анх удаа театрын тайзнаа гарчээ. Харин кино жүжигчний карьераа 1991 оноос эхлүүлсэн байна. Анх 1991 онд Жонн Траволтагийн тоглосон “Shout” кинонд тоглосныхоо дараа Стивен Спилбергийн “Hook”-т Венди Дарлингийн дүрийг бүтээсэн байна. Тэр эхнээсээ л Холливудын шилдгүүдийн анхааралд өртөж, уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүлжээ. 1995 онд Гвинетийн тоглосон “Seven” кино ч мөн амжилт дагуулж, тэр олны хайртай жүжигчин болсон юм. Тэрээр энэхүү кинонд жүжигчин Брэд Питттэй хамтран тоглосноос гадна бодит амьдрал дээр ч аз жаргалтай хос болсон нь тухайн үедээ шуугиан тарьж эхэлсэн.

    Үүнээс хойш нэг жилийн дараа Гвинет Пэлтроугийн тоглосон “Emma” кино дэлгэцнээ гарч олны сонирхлыг татаж, тэр дундаа кино шүүмжлэгчдийг дуугаргаж эхлэв. Энэ бол Гвинет Пэлтроу хэмээх од Холливудын тэнгэрт тод гялалзаж эхэлсэн үе байв. Энэ од 1998 онд алтан гадас мэт бүр ч тод гялалзаж эхэлсэн юм. Алдарт “Shakespeare in Love” кино дэлгэцнээ гарч, “box office”-ыг тэргүүлэх болов. Уилльям Шекспирийн хайрын түүхийг өгүүлсэн энэхүү кино Гвинетэд асар их алдар нэр, хүндэтгэл авчирсан юм. Тэр Оскараас гадна “Алтан Бөмбөрцөг” болон бусад нэр хүндтэй олон шагналын эзэн болж чадсан.

    Гэвч Гвинет үүнээс хойш кинонд тоглох нь багасч, сонгосон хэдэн дүр нь төдийлөн амжилт олохгүй байв. Нэг үгээр 2007 он хүртэлх хугацаанд жүжигчин бүсгүйн карьер унаж, хэвлэлийнхэн, кино сонирхогчид түүнийг бараг л мартахад хүрээд байсан юм. Харин 2008 онд тэр “Iron Man” киногоор эргэн ирсэн. Уг бүтээл дэлхийн кино ертөнцийг байлдан дагуулж, гайхалтай ашиг орлого олсон юм. Удалгүй тэр “Iron Man 2”-т тоглосноос гадна “Country Strong” мюзикл кинонд тоглож ямар гайхалтай жүжигчин, авьяаслаг дуучин бэ гэдгээ харуулсан. Түүнчлэн нээлтээ хийсэн долоо хоногтоо түүхэнд байгаагүй ашиг орлого олсон “Avengers” кинонд гол дүр бүтээсэн нь Гвинет Пэлтроу үнэхээр эргэн ирснийг нотлон харуулсан юм.

    Гвинет Пэлтроугийн хайр дурлалын асуудал ч мөн л эхнээсээ анхаарал татсаар ирсэн. Тэр Холливудын сайхан залуустай болзож, бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж явсан нэгэн. 24 настайдаа алдарт Брэд Питттэй болзож эхэлсэн бөгөөд тэд сүй тавьж байсан юм. Гэвч Холливудын халуухан хосын хайранд гурван жилийн дараа төгсгөл ирсэн. Харин тэр Брэдээс салах болсон шалтгаанаа гэрлэлтэнд бэлэн биш байна гэж тайлбарлаж байсан юм. Түүнчлэн тэдний харилцаанд хэвлэлийнхэн дэндүү их хошуу дүрдэг байсан нь Гвинетэд дарамт болдог байжээ.

    Харин 1997 оны сүүлээс эхлэн жүжигчин Бен Аффлектай болзож эхэлсэн нь бас л хэвлэлийнхний бай болоход хүргэсэн юм. Тэд хамтдаа гурван жилийг өнгөрөөсөн ч эцэст нь хоёр тийш болсон. Үүнээс хойш хоёр жилийн дараа тэр Английн алдарт “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинтай танилцсан байна. Тэдний хайр гэрлэлтээр үргэлжилж 2003 оны арванхоёр дугаар сард хуримаа хийсэн юм. Харин 2004 оны тавдугаар сард том охин Apple Martin-аа төрүүлсэн. Хоёр жилийн дараа бага хүү Moses Martin-аа төрүүлж, тэд дөрвүүлээ болсон юм. Гвинет том охиндоо яагаад “Apple” хэмээх нэр хайрлах болсон тухайгаа “Үнэхээр өхөөрдөм, хөөрхөн сонсогдож байгаа биз. Хайр татам, бас их цэвэрхэн... Төгс гэж бодсон учраас л ийм нэр хайрласан” хэмээн Опрагийн шоунд орж байхдаа хэлж байв. Харин бага хүүдээ Крис гэрлэхээсээ өмнө Гвинетэд зориулан зохиож байсан “Moses” дууны нэрийг өгсөн байна.

    Энэ бүсгүйн бусдын сэтгэлийг татах онцгой чанар нь юу юм бол? Магадгүй энгийн байдал, ялдам инээмсэглэлд нь оршиж байна уу... 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-09-20 14:48:59
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-09-20 15:26:19
    shaal tsarai muutai sanagddag
    Зочин - 2012-09-20 18:35:43
    tsrainii saihnaar stai svldguimaa.. hvnii dotood goo shan gj yum bii..