• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-06 09:54:52
    Уншсан: 13809
    Сэтгэгдэл: 2

    Хайр түгээгч дуучин бүсгүй Алсу222

    Нэр: Алсу Ралифовна Абрамова
    Төрсөн он, сар, өдөр: 1983.06.27
    Төрсөн газар: Бугульма, ОХУ
    Орд: Мэлхий

    Алсу

    Оросын эстрад урлагийн од, алдарт дуучин Алсу. Магадгүй түүнийг ийн тодорхойлохоос илүүтэй зүгээр л “Зимний сон”, “Иногда” зэрэг дууг нь хэлвэл “Өө, миний дуртай дуучин” гэх хүн олон байх. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2000 оны эхээр дэлхий дахинаа танигдаж, ид мандаж байсан дуучин Алсу сүүлийн дөрөв, таван жил фэнүүдээсээ холдоод байсан. Харин саяхнаас Оросын хөгжмийн сувгуудаар нэг л дотно, хөнгөн хэмнэлтэй, сайхан дуу эгшиглэж эхэлсэн нь Алсугийн “Я тебя не придумала”. Тааралдсан бүхэндээ хайр бэлэглэх бүсгүйн дүрээр энэ дууны клипийг дуучин бүсгүй амилуулжээ. Тэр энэ дуугаараа зөвхөн клипэндээ хайр түгээгээд зогсохгүй түүний дууг сонсох дуртай хүн бүхэнд хайр түгээж, Алсуг санасан сонсогчдынхоо сэтгэлийг догдлуулж байна. Харин та  хайр түгээгч дуучин бүсгүйн тухай хэр мэдэх вэ. Оросын хамгийн баян гэр бүлд төрсөн, бас банкир залуутай гэрлэж, хоёр хөөрхөн охинтой болсон гээд л... Хэрэв тийм ч сайн мэдэхгүй байгаа бол дуртай дуучнаа эндээс судлаад аваарай.

    Оросын нефтийн магнат, одоо парламентын дээд танхимын гишүүн Ралиф Рафилович Сафин бол дуучин Алсугийн аав. Харин ээж Расиа Исхаковна нь архитектор. Алсу тэдний хоёр дахь охин болон мэндэлсэн. Түүний ахыг Марат Сафин, эрэгтэй дүүг нь Ренард Сафин гэдэг. Оросын нэгэн хөгжмийн сургуульд гуравдугаар ангиа төгсөх хүртлээ төгөлдөр хуурын ангид сурч байсан тэрээр 1995 онд Лондонруу шилжихдээ ч хөгжмийн чиглэлээрээ үргэжлүүлэн суралцсан юм. Харин дараа нь дуучин бүсгүй маань ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийдэж, “MPW” нэртэй дүрслэх урлагийн сургуулийг дизайнер, архитектор мэргэжлээр төгссөн байна.

    Олны дунд “Од” болон гялалзсан түүх

    Багаасаа хөгжмийн боловсрол эзэмшиж, урлагт хайртай өссөн Алсу мөн л 15-хан настайдаа олны танил болж, “Зимний сон” дуугаа хит болгож чадсан. Энэ дууны клипийг ч фэнүүд нь андахгүй. Дуучин охин анхны клипэндээ Лолитагийн дүрийг гаргасан нь олны сонирхлыг татаж эхэлсэн юм. Учир нь тэр тухайн үедээ Лолитагийн нэгэн адил 15 настай байсан юм. Анхны дуу, анхны клип гээд уран бүтээл бүхэн нь амжилттай болж байсан нь залуу дуучинд томоохон урам, цааш урагшлах түлхэц болсон нь дамжиггүй.

    Тиймээс л 16 настай залуу дуучин анхны цомгоо гаргаж, 2000 оны тавдугаар сард “Евроведение” наадамд оролцож хоёрдугаар байрт шалгарсан нь Алсугийн хувьд төдийгүй Оросын уран бүтээлчдийн анхны том амжилт байлаа. Эндээс л Алсу шоу бизнесийн гол баатар болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний шинэ амжилтуудыг онцлох болов.

    Алсу нэг ч хэл аманд өртөлгүй, шоу бизнесийн ертөнц дэх өөрийн дүрээ улам эерэг, бат бөх болгосоор байв. Түүний уран бүтээл ундарсаар, хөгжсөөр л байлаа. Дуучин 2003 онд эхний англи хэл дээрх “Inspired” цомгоо гаргаснаас гадна өөрөө дуугаа бичсэн нь мөн л амжилт тогтоосон байна. Ийнхүү залуу дуучны авьяас, уйгагүй хөдөлмөр нь Оросын эстрадын дуучин, Татарстаны ардын жүжигчин хэмээн овоглуулах болсон юм.

    Гэр бүл хамгийн чухал нь

    Эрч хүчтэй дуучин бүсгүйн хайр дурлал хорин настай байхаас нь цэцэглэж, 2006 оны гуравдугаар сард Оросын банкир Ян Абрамовтой албан ёсоор гэр бүл болж, гайхалтай тансаг хурим хийсэн. Харин 2007 онд дуучин Алсу ээж болж, том охин Сафинагаа төрүүлсэн. Араб хэлний “усан онгоц” хэмээх утга бүхий энэхүү нэрийг түүний нөхөр хайрласан гэдэг. Сафинагийн дараа буюу 2008 онд Алсу бага охин Микеллагаа төрүүлсэн. Харин дуучин Алсугийн хувьд охидоо олонд ил байлгахыг хүсдэггүй. Магадгүй гэр бүлийн амьдралаа намуун, тайван байлгахын тулд хэсэг хугацаанд уран бүтээлээ орхисон ч байж мэдэх юм. Ээж болоод шоу бизнесээс түр хөндийрсөн ч 2008 онд “Самое главное” цомгоо гаргаснаас гадна мөн оныхоо сүүлээр “Туган тел” нэртэй татар хэлтэй цомгоо фэнүүддээ хүргэсэн. Мөн тэрээр хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог юм. Харин өдгөө 28 настай дуучин бүсгүйд амьд, жазз хөгжмийн хамтлагтай болох том төлөвлөгөө байгаа аж.

    Харин бид хайртай дуучныхаа энэхүү өөр өнгө төрхийг харж, Алсу шиг, түүний гайхалтай дуунууд шиг өөдрөг амьдрах л үлдээд байна бүсгүйчүүд ээ.
     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 09:54:52
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-02-27 16:16:28
    baga bhdaa alsugaar uvchilsun bailaa gej. mongold irj toglohod ni stadiond ochij uzej bailaa goe shuu
    Зочин - 2012-04-06 13:35:06
    bi bas vzej bsan :)