• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-10-03 15:32:57
    Уншсан: 10610
    Сэтгэгдэл: 1

    Дэггүй гэлэнмаа Вупи Голдберг2252

    Нэр: Керин Элейн Жонсон буюу Вупи Голдберг (Whoopi Goldberg)
    Төрсөн он, сар, өдөр: 1949 оны арваннэгдүгээр сарын 13.
    Төрсөн газар: АНУ, Нью-Йорк
    Орд: Хилэнц

    Америкийн алдарт жүжигчин, дуучин, ая зохиогч, шоу нэвтрүүлгийн хөтлөгч Вупи Голдбергийн ертөнцөд тавтай морил. Хөгжилтэй, дэггүй гэлэнмаагийн дүрээр олны сэтгэлд хоногшин үлдсэн Вупигийн “Ghost” кинонд нь ч үзэгчид хайртай. Уг киноны дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан Вупи Голдберг бол 80-аад онд мандаж эхэлсэн Холливудын хүндэт жүжигчин. Телевизийн салбарт ч оргилд нь хүрсэн жүжигчин бүсгүй “Emmy Awards”-т 13 удаа нэр дэвшиж байсан. Бас тэр чадварлаг дуучин. Тиймээс ч “Grammy”, “Emmy”, Оскар, “Tony Awards”-ын шагнал хүртэж байсан цөөхөн уран бүтээлчдийн нэг бол яах аргагүй тэр мөн билээ.

    Вупи Голдберг, Whoopi Goldberg, одод, тэдний, нууц,

    Алдарт Вупи Голдбергийг төрүүлж, өсгөн өдий зэрэгт хүргэсэн хүн нь түүний хайртай ээж Эмма. Вупигийн ээж нь сувилагч, багш хүн байсан бол аав нь санваартан хүн байжээ. Харин Вупиг бага байхад аав нь гэрээсээ явж, ээж нь бяцхан охинтойгоо үлдсэн байна. Вупи ээжийнхээ тухай “Мохошгүй, хүчтэй, дэндүү ухаантай эмэгтэй” хэмээн хэлсэн байдаг юм. Бага байхдаа “Star Trek” телевизийн цуврал кинонд гарч буй хар бүсгүйг хараад “Ээжээ, хар эмэгтэй телевизээр гарч байна” хэмээн гайхаж байсан Вупи хожим нь өөрөө энэ бүтээлд урилгаар тоглосон гэдэг.

    Вупи 1979-1981 онд Зүүн Германд амьдарч байхдаа хэд хэдэн театрын бүтээлд ажиллаж байжээ. Харин 1981-1982 онд анх дэлгэцийн бүтээлд тоглосон нь “Citizen: I’m not losing my mind, I’m giving it away” байв. Удалгүй тэр телевизийн “The Spook Show” нэвтрүүлгийг санаачлан хийсэн байна. Үүний зэрэгцээ Вупи найруулагч Майк Николастай хамтран Броадвейд жүжигчилсэн тоглолт үзүүлдэг байжээ. Харин энэ үед Холливудад ид мандаж явсан залуу найруулагч, жүжигчин Стивен Спилберг, Вупиг анзаарч, хамтран ажиллах санал тавьсан байна. Стивен Спилберг түүнд Пулицерийн шагналт “The Color Purple” кинонд тоглох санал тавихад Вупи зохиолыг нь уншиж үзээд саналыг хүлээн авчээ. Ийнхүү Стивен, Вупи нарын хамтын ажиллагаа амжилттай болж, тэдний бүтээл 1985 оны Оскарын наадамд 11 номинацид нэр дэвшиж байжээ. Вупи шилдэг гол дүрийн жүжигчний шагнал хүртэж чадаагүй ч, “Алтан бөмбөрцөг”-ийг авч чадсан юм.

    Үүнээс хойш тэр ихэвчлэн инээдмийн кинонд тоглож, үзэгчдийн хайрыг татах болов. Харин 1990 онд “Ghost” кинонд туслах дүр бүтээсэн нь урьд урьдынхаас илүү амжилт дагуулж, тэр Оскарын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчнээр шалгарсан юм. Энэ нь Оскарын түүхэнд сүүлийн тавин жилд анх удаа хар арьст эмэгтэй шилдгээр шалгарсан явдал байв. Харин Оскарын бүх цаг үеийн түүхэн дэх хоёр дахь шагнал хүртсэн хар арьст эмэгтэй болсон юм. Үүний дараа 1992 онд алдарт “Sister act” кино дэлгэцнээ гарч, дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулж эхлэв. Ийнхүү тэр жүжигчний карьераа үргэлжлүүлэхийн зэрэгцээ “The Whoopi Goldberg Show”-гаа хийж, телевизийн салбараа ч орхилгүй, урагшилсаар байв.

    Вупи “Girl, Interrupted”, “Rat Race”, “Cinderalla” зэрэг олны сэтгэлд хүрсэн шилдэг кинонуудад гол болон туслах дүр бүтээсээр өдийг хүрсэн бөгөөд хамгийн сүүлд “Toy Story 3”-т дуу оруулсан юм.

    Вупи 2007 оноос “The View” телевизийн нэвтрүүлгийн продюссераар ажиллах болсон юм. Вупигийн санаачилгаар олон сонирхолтой зүйлийг тус нэвтрүүлэгт хөндөж, рейтинг нь эрс өссөн байна. Түүнчлэн Вупи ямар ч үед өөрийн үзэл бодол, үгээ шууд илэрхийлчихдэг нэгэн. Энэ нэвтрүүлэг нь ч  мөн ийм өнгө аястай байсан бөгөөд зарим тохиолдолд Вупигийн хэлсэн үг үзэгчдийг шоконд оруулдаг байсан гэсэн шүү.

    Алдарт жүжигчин маань гурван удаа гэрлэж байсан ч одоо ганц бие амьдралаар амьдардаг. Тэр 18 настайдаа анхны хүүхдээ төрүүлж, Александра охиноо гаргасан. Харин Александра охин ээжийгээ 34 настай байхад нь эмээ болгож, 16 настайдаа хүүхэд төрүүлсэн юм. Вупи эмээ одоо гурван зээтэй. Александрагийн хувьд ээжийнхээ мэргэжлийг өвлөн жүжигчин болсон бөгөөд Алекс Мартин хэмээх тайзны нэрээрээ алдартай.

    Жүжигчин, хөтлөгч, дуучин бүсгүй маань бас улс төрийн идэвхтэн төдийгүй хүмүүнлэгийн үйлстэн. Тэр ижил хүйстэн, бисексуал хүмүүсийн эрх ашгийн төлөө идэвхтэй тэмцдэг нэгэн юм. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-10-03 15:32:57
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-10-03 16:16:03
    Mundag jujigchin yuma. Tal buriin awyastai