• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-28 15:13:12
    Уншсан: 13063
    Сэтгэгдэл: 1

    Бейонсе Ноулз 533

    Нэр: Бейонсе Жизель Ноулз ( Beyonce Giselle Knowles)
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны есдүгээр сарын 4.
    Төрсөн газар: АНУ, Техас, Хьюстон
    Орд: Охин

    Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулагч, хүчтэй, хөдөлмөрч бас мэдрэмжтэй эмэгтэй. Тэр бол Бейонсе Жизель Ноулз юм. Түүнд байгалиас заяасан авьяас, авьяасаа алт болгох чадвар аль аль нь бий. Өөрийн гэсэн өвөрмөц, онцлог ертөнц нь дэлхийн хөгжмийн ертөнцийн томоохон орон зайг бүрдүүлэхэд хүргэсэн. Аргагүй шүү дээ, тэр “Грэмми”-гийн 16, “MTV Music Awards”-ын 11 удаагийн ялагч. 2010 онд “Forbes” сэтгүүлийн “Хөгжмийн ертөнций нөлөө бүхий 100 хүн” шалгаруулалтыг тэргүүлж байснаас гадна түүний цомог нь дэлхий даяар 75 сая хувь борлогдсоноороо бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчийн нэгээр тодорсон юм. Бейонсе Ноулз хэмээх энтертайнмент эзэнт гүрнээр хэсэгхэн хором хамтдаа аялцгаая.

     Бейонсе Ноулз, Beyonce Knowles

    Бейонсегийн аав нь африк-америк гаралтай хүн бол ээж нь африк-америк, франц гаралтай бүсгүй. Тэр гэр бүлдээ ганцаараа урлагийн хүн нь биш. Учир нь тэдний гэр бүл бүхэлдээ уран бүтээлчид. Түүний аав Мэтью Ноулз нь мэргэжлийн рекорд менежер бол ээж Тина нь стилист. Харин дүү охин Соланж нь бас л дуучин, жүжигчин юм.

    Охидуудаа авьяастайг нь мэдэрсэн эцэг эх нь Бейонсег “St. Mary’s Elementary” сургуулийн бүжгийн ангид оруулсан байна. Тэнд тэр балет, жазз урлагийн гайхамшигт нэвтэрсэн аж. Басхүү энэ сургуульд байхдаа дуулах авьяасаа нээж, долоон настайдаа авьяаслаг хүүхдүүдийн тэмцээнд оролцож, Жонн Ленноны “Imagine” дуугаар тэргүүн байр эзэлсэн байна. Тухайн үед долоон настай бяцхан охин Хьюстоны хэвлэлийнхий анхаарлыг татаж эхэлсэн гэдэг. Дууны багш нь хүртэл Бейонсегийн хоолойг сонсоод гайхаж байжээ. Багш нь дуу зааж байхад Бейонсегийн хоолой өндөр нотон дээр бусдаасаа онцгойрон гарч байсан гэдэг. Бүжгийн ангийн сурагч Бейонсе хөгжимд илүү татагдах болж, дунд сургуульд орохдоо ангиа сольсон байна.

    Тэр дунд, ахлах сургуульд суралцаж байхдаа сургуулийнхаа найрал дууны хамтлагт дуулж, сүүлийн хоёр жил гоцлол дуучны үүрэг гүйцэтгэсэн аж. Энэ үедээ тэр авьяаслаг охин Лативиа Робенсонтой танилцаж, найз Келли Роулендтэйгээ нийлж хамтлаг байгуулахаар шийдсэн байна. Охидын хамтлаг эхэндээ “Girl’s Tyme” нэртэй, зургаан гишүүнтэй байжээ. Тэд хамтдаа олон тэмцээн, уралдаанд оролцож байсны нэг нь “Оддын эрэлд” телевизийн шоу байсан ч тэд амжилт үзүүлж чадаагүй юм. Харин дараагийн удаа Бейонсе ганцаараа оролцох болсноор амжилт гаргаж эхэлжээ. Бейонсегийн аав хамтлагийн гишүүдийг цомхотгож, бүгдийг шинээр эхлэхээр шийдэв. Ийнхүү хөгжмийн ертөнц дэх нөлөө бүхий охидын хамтлагийн нэг болох “Destiny’s child” төрөн гарсан юм.

    R&B урсгалаар дуулдаг охидын хамтлаг олны анхааралд өртөж эхлэв. Энэ бол 1997 он байлаа. 16, 17 настай охид Холливудын шилдэг киноны дууг дуулахаас гадна жүжигчин болох эхлэлээ тавив. Харин охид дөрвөн жил хамтдаа дуулсны дараа тус тусын соло уран бүтээлийг гаргасан юм. Энэ үед Бейонсе өөрийн анхны цомгоо гаргаж, Биллбоардыг тэргүүлж эхэлсэн. Дуучин бүсгүй ийнхүү дараа дараагийн соло уран бүтээлүүд гаргасаар, амжилт дагуулсаар байв. 2003 он бол Бейонсегийн хувьд хамгийн оргил жил байлаа. Түүний “Baby Boy”, “Crazy in Love” дуу нь “Грэмми”-гээс таван ч шагналыг эзэндээ авчрав. Харин долоон жилийн дараа “Грэмми”-г дахин Бейонсе тодорхойлов. Нэгэн үдэш зургаан номинацийн эзэн болсон түүний дөрөвдэх “4” цомог нь удахгүй болох “Грэмми”-г дахин тодорхойлохыг үгүйсгэх аргагүй. Урлагийнхан дуучин бүсгүйг тун хөдөлмөрч бүсгүй хэмээн тодорхойлдог. Учир нь тэр нэг уран бүтээл гаргахын тулд бүх хүч, бололцоогоо түүндээ зориулдаг. Тэр зөвхөн чанартай, шинэлэг бас өвөрмөц бүтээл гаргахын төлөө л хөдөлмөрлөдөг. Тиймээс ч Бейонсегийн дуу, клипний өнгө аяс цаанаа л өөрийн гэсэн имижээ хадгалсаар байдаг нь түүний давтагдашгүй чанарыг илэрхийлэх шиг.

    2006 он бол түүний амьдралын хүнд үеүүдийн нэг байлаа. Учир нь зургаан жилийн өмнөөс хэрүүлийн алим нисч, зөрчилдөөн үүсээд байсан “Destiny’s child”-ынхан салж, долоон настайгаасаа нөхөрлөсөн найзуудаасаа харилцаагаа таслахад хүрсэн юм. Үнэндээ дуучин бүсгүйд тэднээс нь өөр дотнын гэх найз тун ховор байжээ. Түүнд охидтой нийлж, үеийнхэнтэйгээ тоглох цаг гардаггүй байснаас болж тэр хүүхэд насаа нэлээд ганцаардмал өнгөрөөсөн байна. Бүх цаг хугацаагаа зөвхөн дуулж, бүжиглэх бэлтгэлдээ зориулж, урлагийн хичээлдээ анхаардаг байсан аж. Тиймээс ч Бейонсе нэгэн ярилцлагадаа “Хичээлдээ хамт явж байгаа найз охидуудыг, хамтдаа тоглож, хөгжилдөж байгаа хүүхдүүдийг би зөвхөн цонхоороо л хардаг байсан. Ээж намайг өөрийнхөө хийх ёстой зүйлд л бүх анхаарлаа хандуулах ёстой гэдэг байсан” хэмээн ярихад царайд нь гуниг тодорч байсан юм. Түүнд зөвхөн Келли Роуленд, Мишель Уильямс нар байсан аж. Хайрт найзуудаасаа салсан нь түүнд хүнд цохилт болж, сэтгэл санаагаар унасан ч энэ тухайгаа хэнд ч ярьдаггүй байжээ. Тэр ярихаасаа айдаг байж. Гэвч хэдэн жилийн дараа охид учраа ололцож, нөхөрлөлөө хадгалж үлдсэн юм.

    Харин дуучин бүсгүй, реппэр, алдарт продюссер Jay Z-тэй хамтран ажиллах болсон юм. 2005 оноос эхлэн тэднийг ажлын хамтрагчаас гадна хайр сэтгэлийн холбоотой болсон хэмээн хэвлэлүүдээр  шуугиж байсан ч тэд өөрсдийнхөө харилцааг ихэд нууцалдаг байсан юм. Магадгүй, тэд хоёул олны хэл амнаас холуур байх дуртай болохоор тэр байх. Хосуудыг хэзээ гэрлэх бол гэсэн хүлээлт шүтэн бишрэгч бүхэнд байсан нь мэдээж. Харин удаан хүлээлгэсэн хуримын сураг сая нэг гарч, 2008 оны “MTV Music Awards”-ын ёслолын ажиллагаанд ирэхдээ дуучин бүсгүй сүйн бөгж зүүсэн байв. Хосууд маань 2012 оны нэгдүгээр сарын 7нд Blue Ivy Carter охиноо өлгийдөн авсан билээ.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-28 15:13:12
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-02-18 16:56:18
    uneheer bagaasaa hudulmurlusun boloodch teruu ih sn duuchin shuu