• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-01-31 10:10:28
    Уншсан: 14263
    Сэтгэгдэл: 3

    Сэтгэл татам “Ахиллес”803

    Нэр: Брэд Питт (William Bradley Pitt)
    Төрсөн он, сар, өдөр: 1963 оны 12 дугаар сарын 18.
    Төрсөн газар: АНУ, Оклахома, Шауни
    Орд: Нум

    Холливудын хамгийн чадварлаг, дэлхийн кино ертөнцийн хамгийн алдартай жүжигчин бол яах аргагүй Брэд Питт. Америкийн жүжигчин, кино продюссер энэ залуугийн авьяасыг биширдэг мянга мянган үзэгч байдаг шиг сэтгэл татам төрхөнд нь татагддаг сая сая бүсгүй байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй.

     Брэд Питт, Brad PittБрэдийн инээж байгаа нь, харж байгаа нь, амаа дараад хамтран тоглогчоо цоо ширтэж байгаа нь, үнсэж байгаа нь гээд бүх зүйл нь зүрхэнд “сум зоохоос” аргагүй. Магадгүй, энгийн үзэгч биднээс ялгаагүй Холливудын жүжигчин бүсгүйчүүд хүртэл Анжелинад атаархдаг байх. Яагаад гэвэл түүний тачаангуй төрх, байдлыг дэлхийд алдартай хэдэн арван сэтгүүл олонд тунхаглан зарладаг.

    Тэр 1995 онд “Empire” сэтгүүлийн кино түүхэн дэх 25 тачаангуй залуугийн нэгээр тодорч, “People” сэтгүүлийн “Sexiest man alive шалгаруулалтыг он дараалан тэргүүлж байсан юм. Бас Брэд “Forbes” сэтгүүлийн “Хамгийн хүчирхэг 100 алдартан” жагсаалт, “Celebrity 100”-д 2006 оноос эхлэн тогтмол эхний байруудад шалгарч иржээ. Жил бүр “Time” сэтгүүлийн “Дэлхийн дээрх хамгийн нөлөө бүхий 100 хүн”, “Time 100” жагсаалтыг ч мөн хошуучилж байдаг алдартнуудын нэг. Энэ гайхалтай жүжигчин, сэтгэл татам Брэд Питтийнхээ тухай үргэлжлүүлэн хамтдаа сонирхоцгооё.

    Дэлхийн хамгийн дур булаам залуугийн ээж нь ахлах сургуулийн зөвлөх, аав нь ачааны машины компани эзэмшдэг байв. Брэд нэлээд дүрэм журамтай, сүсэг бишрэлтэй орчинд өсөж, хүмүүжсэн байна. Сургуульд байхын л тэр маш идэвхтэй, аливаа зүйлд авьяастай нэгэн байжээ. Тэр сургуулийнхаа гольф, теннис, усанд сэлэлт, бөх, сагсан бөмбөгийн багт байснаас гадна мэтгэлцээн, хөгжмийн клубт явдаг байв.

    Авьяаслаг, адтай хүү ахлах сургуулиа ч амжилттай дүүргэж, Миссурийн их сургуульд рекламын чиглэлээр мэргэших сэтгүүлчийн ангид элсэн оржээ. Тэр их сургуульд байхдаа “Sigma Chi” нийгэмлэгийн гишүүн байж, хэд хэдэн шоу, арга хэмжээнд оролцдог байсан байна. Брэдэд энэ нь илүү сайхан санагддаг байжээ. Тиймээс л тэр кино урлагт илүүтэй татагдаж эхэлсэн байна. Брэдийг кино өөр ертөнцөд аваачдаг байсан учир тэр үүнийг хаана хийдэг, тэнд нь очихыг хүсч байлаа. Харамсалтай нь, Миссурид кино үйлдвэрлэдэггүй байсан учир тэр их сургуулиа төгсөөд л Лос-Анжелесийг зорьсон байна. Тэр Лос-Анжелест жүжигчний мэргэжлээр суралцаж, кино ертөнцтэй хувь заяагаа холбон, ирээдүйн алдарт жүжигчин болох эхлэлээ тавьжээ.

    Мэдээж, Брэд Питтийн зорьсон зам бүхэлдээ тэгшхэн байсангүй. Тэр олонд танигдаж, сайн жүжигчин гэдгээ харуулахын тулд маш олон кинонд тоглож байв. Залуу жүжигчин эхэндээ үргэлж телевизийн цуврал, зарим дэлгэцийн бүтээлд жижиг дүр бүтээдэг байжээ.

    Үнэндээ тэр мундаг жүжигчин болохын тулд маш их хичээж, зүтгэж байв. Тэр жолооч, зөөгч, ачигч гээд хийхгүй зүйл гэж түүнд байсангүй. Ийнхүү түүний тэвчээртэй, шаргуу зан нь анхны жижиг дүрээ бүтээснээс хойш дөрвөн жилийн дараа олонд таниулж эхэлсэн юм. Брэдийн 1991 онд тоглосон “Тельма ба Луиза” кино нь амжилт дагуулж, тэр үзэгчдийн төдийгүй мэргэжлийнхний анхааралд өртөж эхлэв. Хэдийгээр энэ кинонд туслах дүр бүтээсэн ч Брэдийн тачаангуй, дур булаам төрх дэлгэцийг амилуулж, түүнийг “sex symbol” хэмээн тодорхойлох болов. Гэсэн ч Брэдийн хувьд өөрийн ур чадвараа улам сайжруулж, жүжигчний авьяасаа олонд таниулахыг хүсч байлаа. Энэ киноны дараа ч тэр маш олон кинонд дүр бүтээж байв.

    Гэхдээ шаардлага өндөртэй кино шүүмжлэгчид, мэргэжлийнхнээс магтаал сонссон анхны бүтээл нь “Interview with Vampire” киноны дүр байсан бөгөөд 1994 онд Брэдийн жинхэнэ өөрийгөө таниулах оргил үе байсан гэхэд болно. Энэ кино амжилт дагуулж, удалгүй тэр Холливудын шилдэг найруулагч, жүжигчин, ирээдүйн сайн ахан дүүс Энтони Хопкинстой хамтарч ажиллах боллоо. Мэдээж, энэ бол алдарт “Намрын домог”. Зүрхэн дотор нь баавгай унтаж байдаг хүчтэй, зоригтой бас аавын хамгийн хайртай хүүгийн дүр нь Брэдэд гайхалтай амжилт, алдар нэр дагуулж ирсэн. Бас тэр анх удаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн юм. Ийнхүү түүний шилдэг бүтээлүүд ёстой л ар араасаа урсаж эхэлсэн дээ. Тэр адал явдалт “Долоо”, “Sleepers”, “Meet Joe Black”, “Fight club”, “The Mexican” зэрэг бүтээлүүдэд гол дүрд тоглоод зогсохгүй түүнтэй Холливудын шилдэг гэсэн уран бүтээлчид болох Том Круз, Жулия Робертс, Гвинет Пэлтроу, Морган Фрийман, Брюс Уиллис, Харисон Форд гээд л хамтран ажиллах болов. Тиймдээ ч саяхан гэхэд алдарт жүжигчин Жорж Клуни “Алтан бөмбөрцөг” гардаж байхдаа өөрийгөө Брэд Питтийн шүтэн бишрэгчдийн нэг, түүний тоглосон киног үзэх дуртайгаа хэлж байсан нь зүгээр ч нэг хэлсэн үг биш юм.

    Брэдийн манлайлал кино урлагт хүчтэй хэвээр л байв. 2004 онд Холливудын суут бүтээлүүдийн нэг “Трой” кинонд Ахиллесийн дүрийг бүтээсэн нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг гэдгийг нь батлан харуулав. Харин дараа нь тэр “Ноён, хатагтай Смит” киногоороо бас л үзэгчдийн сэтгэлийг догдлуулж чадсан.

    Жүжигчин залуу маань 2002 онд өөрийн “Plan B entertainment” продакшнаа байгуулж, олон гайхалтай бүтээл гаргасан. Түүний нэг нь Оскарын шагналт “The Departed” кино нь юм. Тэр сайн продюссерийн зэрэгцээ, сайхан сэтгэлт хүмүүнлэгийн элч. Олон арван хандив, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж байдаг.

    Брэдийн хувийн амьдрал “sex symbol” нэр зүүснээсээ эхлээд л олны анхаарлын төвд байсан. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн байнга ангуучилж, дагаж байдаг. Тэр анх “Долоо” кинонд хамтран тоглосон жүжигчин Гвинет Пэлтроутой хайрын романс үүсгэж байсан ч хоёр жилийн дараа тэд салцгаасан юм. Удалгүй, 2000 онд жүжигчин Женнифер Энистонтой гэр бүл болсон ч мөн л хоёр тийш болсон.

    Харин 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосон жүжигчин Анжелина Жолитой нэр холбогдож эхэлсэн юм. Үнэндээ өмнөх эхнэр Женниферээс салаад тун удаагүй байхад Брэнжилинагийн хайр сэтгэлийн талаар хэвлэлүүд шуугиж эхлэв. Үнэхээр ч тэдний хайрын романс папарацциудын “уйгагүй хөдөлмөрөөр” батлагдаж, дэлхийн хамгийн алдартай хос болсон юм. Хосууд өдгөө зургаан хүүхдийн эцэг, эх бөгөөд том гурван хүүхдээ тэд үрчилж авсан. Харин 2008 оны долдугаар сард Анжелина хоёр ихрээ төрүүлсэн бөгөөд одоо тэд Холливудын хамгийн сайхан гэр бүлийн нэг болжээ.

    Харин хайрт Брэд Питт минь сод жүжигчнээс гадна, сайн гэрийн эзэн, халамжит аавын имижээрээ олны хайр, хүндэтгэлийг улам бүр татсаар байна.

    Б. Сайхан

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-01-31 10:10:28
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-01-31 10:53:35
    Love love love
    Зочин - 2012-05-10 06:54:11
    Zow bicheechee 3huuhd urchilj awsan shtei yun 4 be Zow Medell bichj baigache
    Зочин - 2013-12-18 17:59:14
    Unshij baigaa zuilee sain harj unshij baij huniig shuumjil 3 gesen baina shuudee!!!!