• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2017-05-22 10:50:04
    Уншсан: 6025
    Сэтгэгдэл: 4

    Автомашингүй өдөр7576

    Нийслэл Улаанбаатарчууд маань өнгөрсөн бямба гарагт 3 дахь жилдээ “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Уламжлал ёсоор “Улаанбаатар Марафон” олон улсын тэмцээн зохиогдсон бөгөөд, уг марафонд 30,000 гаруй оролцогч оролцжээ. Улаанбаатарчууд хотын гудамжаар гэр бүлээрээ, найзуудаараа, хосоороо таатай нь аргагүй зугаалж, унадаг дугуй скейтбоардаа унаж, марафон гүйлтэнд оролцдог энэ өдрийг Улаанбаатарын “Хамгийн аз жаргалтай өдөр” гэж нэрлэсэн ч болох юм. Ингээд Космо “Аз жаргалтай Улаанбаатар”-ын иргэдийн сэтгэгдлийг хуваалцсанаа уншигчиддаа хүргэж байна. 

    Би Улаанбаатар марафонд сүүлийн 2 жил дарааллан оролцож байна. Би бас “Хамтдаа алхъя” гэдэг клубт явдаг. Манай клуб “Ахиллес Монголиа гэдэг төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд спортоор хичээллэж, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг юм. Энэ хамтын ажиллагааг маань Саранчулуун гээд Нью-Йоркийн 42 км-ийн марафон гүйлтэд Монголоос анх удаа оролцсон мундаг охин анх санаачилж байсан. Өнөөдрийн хувьд би 5 километрийн марафон гүйлтэнд гүйчихээд хүүхэдтэйгээ зугаалаад явж байна даа. 

    Энэ өдөр бидэнд тулгардаг зарим асуудлууд огт байхгүй мэт болдог. Түгжрэл, бухимдал, бохирдол гээд л… Өнөөдрийн хувьд цаг агаар нь ч гэсэн тохиромжтой их сайхан өдөр болж байна.

    Эмээг нь Дорж гэдэг, 87 настай. Би явган аялагч хүн. Өмнө нь нэг удаа марафонд гүйж байсан. Энэ жил ахиад ороод үзье гэж бодоод 5 километрийн марафонд гүйлээ. Анх гараанаас гараад жаахан хэцүү байсан ч сүүлдээ бие халаад ирэхээр өшөө яваад баймаар ч юм шиг санагдах юм билээ. Ядарч амжаагүй л бариандаа ороод ирлээ шүү. Өнөөдрийн арга хэмжээ их сайхан байна. 

    Бид нар 11-р сургуулийн 6-р ангийн хүүхдүүд. Өнөөдөр их гоё байна. Бид нарын зарим нь дугуйтайгаа гарч үзээгүй, хааяа л гэрийнхэнтэйгээ цэцэрлэгт хүрээлэн орж дугуй унадаг байсан. Өнөөдөр сэрүүхэн, бас найзуудтайгаа хамт дугуй унаад явах нь хамгийн их таалагдаж байна. Дандаа ингэж явдаг дугуйн замтай болчихвол ч гоё л байна. 

    Би  Улаанбаатар дахь Бритиш сургуульд багшилдаг. Би хагас марафонд гүйсэн. Санасныг бодвол хамаагүй дээр гүйлээ шүү. Энэ арга хэмжээ маш сайн зохион байгуулалттай, Улаанбаатар хотыг сурталчлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Энд хүмүүс хэдий бие биенээ танихгүй ч гэсэн дэмжиж, урам өгч байгаа нь арга хэмжээний хамгийн сайхан хэсэг нь гэж бодож байна. 

    Зээ охиныг маань Маргад гэдэг, 3 ой өнгөрч байна. Бусад үед дугуйгаа фантам дээр л унадаг. Өнөөдөр ингээд унаад явах охинд маань их сонирхолтой, таатай л байх шиг байна. 

    Өнөөдөр ёстой гоё байна. Жил бүрийн энэ өдөр дугуйгаа унаад гадуур зугаалдаг. Хүн болгон тааваараа зугаалж, чөлөөт цагаа сайхан өнгөрөөж байгаа учир наашаа ирэхдээ кофе уугаад, бургер идээд алхах нь сайхан байлаа. Жирийн үед тэгж явахад жаахан эвгүй санагддаг шүү дээ. Дөнгөж сая болдог бол долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр ийм байдаг бол гоё л юм байна гэж яриад явж байлаа. 

    Намайг Батсайхан гэдэг. Унадаг дугуй бол эрүүл мэндэд хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй сонголт. Замын түгжрээнд цаг алдахгүй, мөн фитнесст явж цаг үрэх албагүй нь маш том давуу тал.  Дугуйн спортоор хичээллэж, эрүүл, цоглог амьдарцгаая гэж уриалъя.

    Би Улаанбаатар Төмөр замд 25 жил ажиллаж байна. Би ажлынхаа хажуугаар зураг авах хоббитой. Өнөөдөр хоёр хүүхдээ дугуй унуулангаа зураг аваад явж байна. Том хүү маань намайг дагаад зураг авах хоббитой, бараг тав, зургаан наснаасаа зураг авч эхэлсэн.  Flickr сайтын хамгийн бяцхан гишүүдийн нэг байсан шүү.  Хүүхдүүд маань энэ өдрийг их хүлээсэн, өглөөнөөс хойш намайг яаруулсаар байгаад л гарч ирлээ. 

    Намайг Жаргал гэдэг. Өнөөдөр өглөө 11 цагаас хойш дугуйгаар зугаалж байна. Энэ жил анх удаагаа энэ өдрийг ашиглаж, гадуур зугаалж байна. Хүмүүсийг спортоор хичээллэж, эрүүл мэндээ анхаарахыг уриалж байгаа нь их зөв юм гэж бодож байна даа. 

    Би Эрдэнэт үйлдвэрт инженерээр ажилладаг байж байгаад одоо тэтгэвэртээ гарсан. Өнөөдрийн Улаанбаатар марафоны шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Би өөрөө гүйх сонирхолтой, энэ спортыг дэмждэг учраас өнөөдрийн арга хэмжээ сайхан болж өнгөрөөсэй, залуус маань үүнийг сонирхож, дурлаасай гэсэндээ сайн дураараа ажиллаж, хувь нэмрээ оруулахаар чадах ядахараа хичээж л байна. 

    Сэтгэгдлээ хуваалцсан эдгээр хүмүүсээс гадна Улаанбаатарчууд бүгдээрээ л сэтгэл хангалуун байсан юм. 

     

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-05-22 10:50:04
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-05-22 15:20:39
    Энэ үнэхээр зүй зохистой арга хэмжээ ер нь дулааны улиралд сардаа нэг байсан ч болохоор
    Зочин - 2017-05-22 15:21:33
    HArin tiin humuus zun ihenhdee amraltiin baidaltai baidag ym 5-9 sard, sar bur zohion baiguulval goy
    Зочин - 2017-05-22 16:14:05
    машингүй гэдэг шиг өөр ийм сайн сайхан зүйлд уриалсан ямар арга хэмжээ зохион байгуулж болох вэ? өөр олон гоё санаачлага гаргаад хийвэл гоё байхаа, үнэхээр их таалагдсаан
    Зочин - 2017-05-22 16:29:00
    Хүмүүс амар тайван аз жаргалтай харагдаж байна