• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2016-10-07 17:36:13
    Уншсан: 14738
    Сэтгэгдэл: 0

    Эмэгтэйчүүдийн өвчин ба тэдгээрийн шинж тэмдгүүд7368

    Эмэгтэйчүүдийн өвчин гэсэн нэгдсэн ойлголтод янз бүрийн шинж тэмдэг, зовуур бүхий бэлэг эрхтний тогтолцооны өвчнүүд багтдаг байна. Ихэнх эмэгтэйчүүдийн өвчний илрэх шинж тэмдэг нь хоорондоо ижил төстэй байдаг учир нарийн шинжилгээ хийлгүйгээр тухайн өвчнийг оношлоход тун хүндрэлтэй. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн өвчин ихсэх хандлагатай байна. Үүнд гадаад орчин төдийгүй тухайн эмэгтэй хүний бие махбодын дотоод орчны төрөл бүрийн хүчин зүйлүүд нөлөөлнө.

    Өвчлөх шалтгаан

    Дээр дурдсанчлан эмэгтэйчүүдийн өвчинд гадаад болон дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг. Гадаад хүчин зүйлд:

    · Байнгын буюу түр зуурын боловч маш хүчтэй стресс, сэтгэлийн дарамт
    · Экологийн бохирдол
    · Сексийн хамтрагч ойр ойрхон солигдох
    · Бэлгийн амьдралд эрт орох
    · Хувийн ариун цэвэр муу сахисны улмаас ойр ойрхон үрэвсэл үүсэх
    · Үрэвсэлт өвчнүүд
    · Эмийн тэр дундаа антибиотикийн хяналтгүй, замбараагүй хэрэглээ зэрэг багтана.

    Дотоод хүчин зүйлд:

    · Бүсгүйн бэлэг эрхтний тогтолцооны гаж хөгжил
    · Дотор бэлэг эрхтний буруу байрлал
    · Дааврын өөрчлөлт
    · Үр хөндөлт, зулбалт, хагалгаа зэргийг дурдаж болно.

    Илрэх шинж тэмдгүүд:

    Дараах шинж тэмдгүүд эмэгтэйчүүдийн ямар ч өвчнийүед илэрч болох ба зөвхөн бэлгийн замын өвчний үед л илэрнэ. Үүнд:

    · Үтрээгээр цагаан юм их ялгарах.
    · Сарын тэмдэгтэй холбоогүйгээр цусархаг өнгөтэй ялгадас гарах ба ингэхдээ сарын тэмдгийн өмнө, хойно, тэр ч байтугай дундуур нь ч гарч болно. Цус нь их хэмжээгээр эсвэл үзэгдэх төдий ялгарч болох ба бэлгийн ажлын дараа цусархаг зүйл үзэгдвэл эмчид заавал хандах шаардлагатай.
    · Бэлэг эрхтэн загатнах, хорсох.
    · Бэлгийн ажлын үед таагүй мэдрэмж төрөх, өвдөх.
    · Шээх үед таагүй мэдрэмж төрөх, өвдөх
    · Бэлэг эрхтэн үрэвсэх, улайлт үүсэх, ярших
    · Хэвлийн доод хэсгээр татаж, базалж, чинэрч өвдөх
    · Мөн эмэгтэйчүүдийн өвчлөлийн улмаас үр тогтохгүй байх, зулбах, амьгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

    Эмэгтэйчүүдийн өвчнийг үүсгэгчээс нь хамааран ерөнхийд нь гурав ангилдаг.

    1. Тухайн эмэгтэйн бие махбодод үрэвсэл үүссэний улмаас үүссэн өвчнүүд

    Үүнд:

    · Бэлгийн замаар дамжсан мөөгөнцөр, хламидиоз, трихомониаз, заг хүйтэн
    · Вирусын халдвар авсны улмаас ДОХ, бэлгийн хомхой, хүний папиллом вирус,цитомегаловирус
    · Идээт үрэвслийн шинж чанартай өвчлөлүүд орно.

    Эдгээр өвчлөлийн үед идээ гарах, цагаан юм ихээр ялгарах, шээх үед өвдөх, хорсох, бэлэг эрхтэн загатнах, ярших зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

    2. Дотоод шүүрлийн тогтолцоо болон дааврын өөрчлөлтийн улмаас үүссэн өвчнүүд. Энэ үед сарын тэмдгийн мөчлөг алдагдах /ихсэх, багасах/, цусархаг ялгадас гарч болно. Дааврын өөрчлөлтийн улмаас умайн гаралтай цус алдалт үүсэж болзошгүй. Эдгээр шалтгаанаар үр тогтохгүй байх нөхцөлд хүргэдэг тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

    3. Хавдар үүсэх, гиперпластик /хэт үржилтэт/ болон дистрофик /дутмагшил/ өөрчлөлтийн улмаас үүсэх өвчнүүд. Эмэгтэйчүүдийн хавдарт хортой хоргүй хавдрууд багтахын зэрэгцээ умайн миом, өндгөвчний киста, умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орох эмгэгүүд энэхүү ангилалд орно. Эдгээр өвчлөлийн үед цусархаг ялгадас гарах, бэлгийн ажлын үед өвдөх мэдрэмж төрөх, бэлгийн ажлын дараа цусархаг юм үзэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

    Хэдийгээр эмэгтэйчүүдийн өвчний шинж тэмдгүүд тодорхой мэт санагдавч, ихэнх тохиолдолд эмэгтэй хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй, зовуур мэдэгдэхгүйгээр удаан хугацаанд явах магадлал ихтэй тул хагас жил тутамд эмэгтэй хүн бүр эмчийн үзлэгт заавал орж, шинжилгээ өгч байх ёстой.

    Өвдсөн тохиолдолд хэрхэвч дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Буруу эмчилгээ хийгдсэний улмаас үргүйдэх, хавдар үүсэх, эндометрит буюу умайн салслаг давхаргын үрэвсэл үүсэх эрсдэлтэй болохыг анхаарна уу.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-07 17:36:13
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.