• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-06-22 18:40:17
    Уншсан: 21186
    Сэтгэгдэл: 3

    Хайрынхаа төлөө хийсэн зоригтой алхмууд7209

    Бидний уншиж байгаа номны эсвэл киноны гол баатрууд нь хайрынхаа төлөө гавъяа байгуулж байгаа үйлдлүүдийг бид сэтгэл догдлон хүлээж авдаг. Тэгвэл бодит амьдрал дээр ч гэсэн бидний ихэнх нь хайрынхаа төлөө амь өрссөн зүйл хийхэд бэлэн. Тиймээс, бид энэ удаагийн сэдвийн хүрээнд амьдрал дээр тохиолдсон түүхээс, мөн эрчүүдийн үлдээсэн сэтгэгдлүүдийг түүвэрлэн хүргэхээр шийдлээ.

    Хайр, амьдрал,дурлал,хос,Зөвхөн чамд

    Зураач ба жүжигчин

    Бидний сайн мэддэг оросын алдарт дуучин Алла Пугачёвагийн «Миллион алых роз» буюу “Сая сая гал улаан сарнай” дууны үйл явдал нь зохиомол биш гэдгийг төдийлөн хүмүүс мэддэггүй. Тэрхүү явдал нь гүржийн зураач Нико́ Пиросма́нитай (жинхэнэ нэр нь Никола́й Асла́нович Пиросманашви́ли) тохиолдсон гэдэг.

    Тэрбээр 47 настай байхдаа гүржийн Тифлис хотод аялан тоглолтоор ирсэн францын жүжигчин Маргарита Де Севрт дурлажээ. Үзэсгэлэнт бүсгүйн анхаарлыг өөртөө татахын тулд хөрөг зургийг нь зурж, хөлний үлдээсэн мөрийг нь хүртэл үнсдэг байсан ч жүжигчин бүсгүй огтхон ч тоосонгүй.

    Тэгэхээр нь Нико хэд хэдэн тэрэг дүүрэн цэцэг худалдан авсан бөгөөд тэдгээр цэцэгс дунд том жижиг төрөл бүрийн сарнайгаас гадна сараана, цээнэ, яргуй, голтбор болон өөр олон төрлийн цэцэгс байжээ. Энэ бүх үзэсгэлэнг Маргаритагийн амьдарч байсан зочид буудалд хүргэж, гудамжийг тэр чигээр нь цэцгээр бүрхсэн гэдэг.

    Энэхүү романтик үйлдлийнхээ хариуд зураач хайртай бүсгүйгээсээ цорын ганц үнсэлтийг хүртсэн юм. Харин дараа нь жүжигчин бүсгүй хотоос явж, тэд дахин хэзээ ч уулзаагүй. Нико энэ явдлаас хойш 9 жилийн дараа 1918 онд үгүйрэн хоосорсны улмаас өлсгөлөнгөөр нас нөгчсөн байна.

    Хайр уу титэм үү?

    Английн хаан Эдуард VIII нь хааны титэмийг залгамжлан аваад жил ч хүрээгүй байхдаа гэр бүлтэй америк бүсгүйд ухаангүй дурласнаар хаан ширээгээсээ татгалзсан юм. Дашрамд хэлэхэд тэрхүү бүсгүй нь тийм ч гоо үзсгэлэнтэй байгаагүй. Хааны гэр бүлийхэн, хамаатан садангууд бүгд нүүрээ бууруулсан хэдий ч тэрбээр үүнийг үл тоон, шинэхэн эхнэртэйгээ амьдралын амтыг бүрэн мэдэрч байлаа. Тэд хамтдаа Виндзорын ордонд амьдарч, язгууртнуудын арга хэмжээнд оролцож, тэдний зураг нь сонин сэтгүүлүүдийн нүүрэн дээр нэг бус удаа гарч байжээ.

    Английн экс-хаан хэр их аз жаргалтай байсныг хэлэхэд хэцүү. Тэр сэтгэлийн шаналалаа хэзээ ч, хэнд ч хэлж байгаагүй боловч Эдуардын гунигт харц нь өөрийг өгүүлдэг байжээ.

    Гэсэн хэдий ч энэхүү түүх нь царайны сайхнаар цай сүүлэхгүй гэдэг үгийг батлах шиг. Хэдийгээр Уоллис бүсгүй царайлаг байгаагүй ч, хааны сэтгэлийг татахад тусалсан өөр чанарууд түүнд байдаг байж дээ.

    Ижил дурлалт хос

    Английн хөгжимчин Нейл Эндрю Мегсон эхнэрийнхээ төлөө овог нэрээ Дженезис Пи-Орридж болгон өөрчилсөн төдийгүй гадаад төрхөө хүртэл хувиргасан байна. Гэр бүлийн хосууд бүх талаараа ижил байх ёстой гэж үзэн гоо сайхны мэс засал хийлгэжээ. Тэд аль болох адилхан болохын тулд хамар, уруул, нүдний хэлбэр зэргийг өөрчилсөн. Тэр ч байтугай Нейл эмэгтэй хүний хөхтэй болжээ. Хосууд мэс заслын ажилд нийтдээ 200 мянган долларыг зарцуулсан байна.

    Харамсалтай нь хэдэн жилийн дараа Джей хорт хавдрын хүндрэлийн улмаас нас нөгчсөн билээ. Харин нөхөр Дженезис нь түүнээс хойш өөрийгөө дандаа “бид” гэж хэлдэг гэнэ.

    Хайртайгаа агуйд амьдарсан ч яахав...

    Хятадын иргэн Лю Гошиянг 19 насандаа өөрөөсөө 10 насаар эгчмэд бүсгүйд дурлажээ. Тэрхүү эмэгтэй нь насаар эгч төдийгүй бэлэвсэн байсан явдал нь залуугийн гэр бүлийхэний дургуйцлыг дээд зэргээр хүргэсэн бөгөөд тэр хоёрын харилцааг огтхон ч дэмжсэнгүй.

    Тэгэхээр нь дурлалт хосууд оргохоор шийджээ. Тэд байшин худалдан авах чадваргүй ядуу байсан учраас агуйд амьдрахаар болов. Хосуудыг өлөн зэлмүүн байдал, тэсгэм хүйтний улиралууд ч салгасангүй. Тэд ойгоос олсон бүхнээр хооллосоор аажим аажмаар амьралаа төвхөнүүлсэн байна. Дурлалт хосууд аз жаргал, зовлон зүдрэлийг туулсаар хамтдаа 50 жил амьдарсан юм.

    ***

    Харин орчин үеийн залуус хайртай бүсгүйнхээ төлөө юу хийхэд бэлэн бэ гэдгийг сонирхолоо:

    «Миний нэг танил найз бүсгүйтэйгээ муудалцаад эвлэрэх санаатай цэцэг бэлэглэхийн тулд 200 км зайд орших өөр хотруу шөнө дунд такси бариад явсан»;

    «Би эхнэртэйгээ интернэтээр санамсаргүй танилцсан юм. Тэр гадаадад сурдаг байсан бөгөөд бидний хооронд 5000 км, 5 цагийн зөрүү байлаа. Бид хоёр долоо хоногийн туршид захиа бичилцэж, утсаар ярьсаны дараа би түүнд над дээр ирэхийг санал болголоо. Нисэх онгоцны буудал дээр түүнийхээ гарыг атгаж байхдаа би зөвхөн энэ хүнтэй насан туршдаа амьдрахад бэлэн байна гэдгийг ойлгосон. Хайран цагаа алдахгүйн тулд шууд гэрлэх санал тавьсан юм даа»;

    «Манай элэнц эмээг элэнц өвөөтэй гэрлэхийг зөвшөөрөхгүй байхаар нь өвөө түүнийг хулгайлчихсан юм билээ. Одоо манай гэр бүлд энэ түүхийг ярихдаа элэнц өвөөг эрс шийдэмгий, асуудал бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрдөггүй хүн гэж үлгэр жишээ болгодог юм!»;

    «Миний хайрт хамаг цалингаараа алтан бөгж ба сарнай аваад надад гэрлэх санал тавьж байсан! Энэ үнэхээр сайхан боловч болчимгүй үйлдэл байлаа. Учир нь миний цалинг лизингийн төлбөрт өгдөг болохоор бид дараа нь бүтэн сар ямар ч мөнгөгүй амьдарсан юм даа»;

    «Миний нэг танил хайрт бүсгүйнхээ цонхоор харагддаг эсрэг талын байшингийн дээвэр дээр гараад хайраа илчилсэн үгс бичсэн. Аюултай ч, романтик л юм...»;

    Фото эх үүсвэр: HMI

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-06-22 18:40:17
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2016-06-23 01:10:08
    гүржийн нийслэлийг ТБИЛИСИ гэдэг юм
    Зочин - 2016-06-23 02:37:55
    TtMKdcool
    Зочин - 2016-06-23 10:45:44
    Сайхан л түүхүүд байна. ГЭХДЭЭ зарим өгүүлбэрийн найруулгыг бас харж засаад оруулчихгүй. . .