• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-07-21 14:14:26
    Уншсан: 1444
    Сэтгэгдэл: 0

    Дэлхийд таниулах Дээлтэй монгол наадам7594

    Хүннү, Сяньбигаас эхлэлтэй монгол үндэсний дээл хувцсаа сурталчилдаг, түүгээрээ бахархдаг Дээлтэй монгол наадам энэ жил мөн л сүр жавхлантай сайхан болж өндөрлөлөө. Хүний биеийг төв шулуун, тэгш намбатай харагдуулж, хүйтэнд дулаан халуунд сэрүүн байлгадаг онцлогтой, дэлхийд ганцхан монгол дээлний янз маяг, зүүлт чимэглэлийг таниулж чаддаг тус наадамд оролцогсод эртнээс дээл хувцсаа бэлтгэн өндөр ач холбогдол өгдөг болжээ. 

    Бид Дээлтэй монгол наадмаас урьд зөвхөн Цагаан сарын баяраар л дээлээ өмсдөг байлаа.  Харин одоо өдөр тутмын болон ажил хэрэгч  хувцсандаа монгол дээлний зах, шилбэ, бүс зэргийг шигтгэсэн хувцас өмсөж байна. Түүгээр ч зогсохгүй дээлийг орчин үетэй хослуулан өдөр тутамдаа өмсдөг залуус ч олширчээ. Үндэсний хувцсаа зүүсгэл чимэг, малгай, гуталтай нь иж бүрнээр нь  өмсөх охид бүсгүйчүүд харийн улс оронд онцгойрч харагдана. Энэ нь мэдээж Дээлтэй монгол наадамтай салшгүй холбоотой. Арван нэгэн жилийн өмнө зуугаадхан хүн оролцож байсан уг наадам эдүгээ 10 мянга хол давсан оролцогч, үзэгчтэй,  жуулчдын нүдийг хужирласан манай улсын урдаа барих аялал жуулчлалын томоохон үзүүлбэр болтлоо тэлжээ. Увс аймгаас зорин ирсэн Б.Даваа гуай “Дээлтэй монгол наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Залуус та бүхэн уламжлалт дээлний хэв маягаа алдалгүй, малгай гуталтай нь хамт иж бүрнээр нь өмсөж байгаарай” гэж захилаа.

    Бидний үндэсний хувцас дээл нь зөвхөн хувцас төдий биш, нүүдэлчдийн амьдрал ахуй, ёс заншил, өдөр тутмын хэрэглээг гүн гүнзгий өөртөө шингээсэн гайхалтай урлал юм. Хүүхдийн цэцэрлэгүүд дээлтэй өдрийг тусгайлан тэмдэглэж, балчир наснаас нь үндэсний соёлоо таниулж байна. Ахмад үеийнхэн дээлээрээ гангарах өдрөө хүлээн шинэ тэрлэгээ урлах болжээ. Аав ээж нар бяцхан үрстэйгээ адилхан дээл өмсөж, нэг гэр бүл гэдгээ бататган харуулна. Гадны жуулчид дээлээр гоёж, бахархалтай нь аргагүй инээмсэглэх зогсох нь таатай байгаа нь илт.

    Дээлтэй монгол наадмыг зохион байгуулснаар монголчуудадаа, ирээдүй хойчдоо маш том уламжлалыг үлдээж байгаа хэрэг юм. Үүнээс гадна гадны улс орнуудад өөрийн өвөрмөц соёлоо сурталчилан таниулж тэднийг эх орондоо урин дуудаж байгаа нэг хүчин зүйл билээ. Жуулчдад сонирхолтой, хүртээмжтэй байдлаар тайз засал, үзүүлбэр, загварын шоуг бэлтгэж Дээлтэй монгол наадмыг аялал жуулчлалын брэнд, томоохон арга хэмжээ болгон зохион байгуулж, улсаа дэлхийд таниулах нэг том боломж нь энэ наадам юм. 

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан энэ жилийн Дээлтэй монгол наадам өвөрмөц онцлог зүйл олонтой байсан юм. Түүний нэг нь аварга том “Хүннү” дээл. Эзэн Чингисийн хөшөөний өмнө дэлгээстэй 18 метр өргөн, 14 метр урт, 300 кг  уг дээлийг жуулчид сониучирхан харж, барьж үзэн зургаа даруулж байснаас үзвэл Дээлтэй монголоороо бид дэлхийд танигдах цаг иржээ.  

      

     

                                                                                      Бэлтгэсэн: Б.Энхжаргал

                                                                                      Гэрэл зургийг: Т.Хүрэлбаатар

                                                                                                              О.Билигсайхан                                                                                                     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-07-21 14:14:26
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.