• Трэнд
  • Оддын стиль
  • Fashion story
  • Cosmo зөвлөж байна
  • 2017-07-10 18:14:36
    Уншсан: 2791
    Сэтгэгдэл: 0

    “Торгоны Зам-2017”-д буусан тогоруун нүүдэл 7593

         Үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулагдсан “Торгоны зам-2017” загварын шоу Чойжин ламын сүм музейн задгай талбайд болж дизайнер Б.Номунгэрэл ур ухаан шингээсэн хувцас загваруудаа танилцууллаа. Сайны ерөөл бэлгэдлийг даллан дуудагч Цагаан өвгөний цам бүжгээр шоу эхэлж, ёочир хөгжмийн аялгуу эгшиглэж, Никитоны Баачкагийн уран бүтээл, урлагийн тоглолтоор чимэглэсэн энэ үдэш Б.Номунгэрэлийн “Нүүдлийн тогоруу”-д уг сүмийн үүдэнд чуулсан юм.

        Монгол үндэсний соёл уламжлал, эрт ба эдүгээ цагийг нэгэн дор авчирсан энэ үдшээр “Нүүдлийн тогорууд” монгол хувцасны шилдэг загваруудаас гадна Б.Номунгэрэл дизайнерын Monalun брэнд ээлжит шинэ коллекцио танилцуулсан юм. Өөдрөг, эрч хүчтэй, өнгөлөг загваруудаараа онцгойрдог дизайнер Б.Номунгэрэлийн загварууд хуваалт ихтэй, тод өнгө зонхилж, заримдаа боронзон өнгийг ухлаадастай хослуулж, деталь хэсгүүдэд түүний нарийн ажиллагаа, ур чадвар харагддаг.

        Харин “Торгоны Зам-2017” загварын шоунд тал хээрт дэрвэлзэх тогорууг санагдуулам богино хормой, сэрвэлзэх өд, шувуун хээтэй үнэт торго, зөөлөн өнгүүд зонхилж байлаа. Тод өнгийн оймсыг өндөр өсгийт, үндсэн загваруудтайгаа зохицуулсан нь энэ коллекцийн хамгийн зоригтой шийдэл байв. 

                                                                Чойжин ламын сүм музейд 

                                                                      Дизайнер Б.Номунгэрэл

                                                             Чойжин ламын сүм музейд , “Торгоны зам-2017” загварын шоу

                                                            Чойжин ламын сүм музейд, “Торгоны зам-2017” загварын шоу

                                                         Чойжин ламын сүм музейд, “Торгоны зам-2017” загварын шоу

           

    Тогоруун хээтэй  торгон хос

    Тогорууны хээтэй шар торгон хослолууд энэ үдшийн хамгийн уран тансаг загварууд байв. Өд болон торон материалыг торготой нийцүүлж донж маягийг тааруулжээ. Задгай энгэртэй топ, юбканы эмжээр, ханцуй, мөрний хэсгийн өдөн оруулга нь коллекцийн шинэлэг санаа шийдэл болж байв. Шал шүргэм урт хормой, дэгжин юбка, хар оруулгатай жакет, торгон шорт зэрэг олон содон загварууд үзэгчдийн нүдийг баясгалаа. 

     

    Наадмын шинэ гоёо

    Дизайнер энэ удаа тансаг хэрнээ ажил хэрэгч байдлыг бүрдүүлсэн цамц, өмд, юбкануудын шинэ шийдлийг үзэгчдэдээ танилцууллаа. Ханцуй, мөрний хэсгээрээ цэцгэн хатгамалтай торон оруулгыг түлхүү тусгаж, монгол дээлний зах, бүсийг оруулсан байв. Дээлний ханцуйг өдөөр чимэглэж, газар шүргэм урт хормой, бүсэлхийн хэсгийг тодотгосон бүсгүй сул загварууд эмэгтэйлэг байдлыг төгс илэрхийлэл болж чадлаа. 

    Ил  мөр

    Энэ зуны загварын чиг хандлага болсон мөрөө ил гарсан топ энэ коллекциос хоцорсонгүй. Hot trend-ийг агуулсан цыган маягийн юбкануудыг тортой хослуулж, гоёмсог өдийг ч мартсангүй. 

    Тод оймс

    Хөх, ягаан, ногоон, улаан зэрэг хурц өнгөтэй оймсийг өндөр өсгийт дээр өмссөн нь энэ зуны хамгийн тод зоригтой шийдэл байв. Зөвхөн өнгө анхаарлыг татаад зогсохгүй пом-помоор чимэглэсэн оймс “Нүүдлийн тогоруу” коллекцийн бас нэгэн трэнд байлаа. 

    Дүүжин  өмд

    Унасан материалтай шилбээ ил гаргасан дүүжин өмнүүд коллекцид онцгойрч байлаа. Биеийн өө сэвийг дарж, эрх чөлөөг мэдрүүлдэг сул өмдийг торгон жакет, дэгжин цамцтай хослуулсан нь гайхалтай.

     

                                     Бэлтгэсэн: Б.Энхжаргал

                                      Зургийг: О.Билигсайхан

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-07-10 18:14:36
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.