• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-10-17 10:49:32
    Уншсан: 5509
    Сэтгэгдэл: 0

    Герман гоо үзэсгэлэн Клаудия Шиффер7381

    Нэр:  Клаудия Шиффер (Claudia Schiffer) 
    Төрсөн он, сар, өдөр: 1970 оны наймдугаар сарын 25.
    Төрсөн газар: Герман, Райнберг
    Орд: Охин

    Загварын ертөнцийн хамгийн шилдэг загвар өмсөгч. Бүх цаг үеийн шилдэг 20 моделийн нэг Клаудия Шиффер. Ерээд оныхныг хуйлруулж, гоо сайхны ертөнцийг байлдан дагуулж байсан энэ Герман бүсгүйг Францын алдарт загвар өмсөгч Брижит Бардотын хойч үе хэмээн адилтан ярих нь ч бий. Загвар өмсөгчөөс гадна хувцас, брэндийн хаягны creative director хийдэг Клаудия өнөөг хүртэл 700 гаруй сэтгүүлийн нүүрийг амилуулж, хэдэн зуун тансаг брэндийн кампанит ажлын нүүр царай болж байсан юм. Түүнчлэн хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчийн жагсаалтыг хэдэнтээ тэргүүлж байсан түүний хөрөнгийг “Forbes” сэтгүүл 2002 онд 55 сая ам.доллар гэжээ.

    Клаудия баруун Германы нэгэн жижигхэн хотод төрж өссөн байна. Хуульч аав, ээжийн охин Клаудия хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй дүүгийн хамт хөгжилтэй, өнөр олуулаа өсчээ. Клаудия ахлах сургуульд үргэлж олны анхаарлын төвд байдаг байжээ. Учир нь тэр маш өндөр охин байв. Гэвч тэр үүнээсээ ичдэг, олны анхаарлыг татахыг огт хүсдэггүй байв. Бас түүнийг баян айлын эрх охин хэмээн атаархагчид олон байдаг байжээ.

    Клаудия аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөн  хуульч болохыг хүсдэг байжээ. Ахлах сургуулийн охин байхдаа энэ хүсэлдээ хөтлөгдөн аавынхаа ажилд туслан хуулийн фирмд нь ажилладаг байсан байна. Гэвч түүний энэ хүсэл 1987 оны аравдугаар сарын нэгэн өдөр огт өөрөөр эргэжээ. 17 настай Клаудия шөнийн клубт найзуудтайгаа бүжиглэж байгаад “Metropolitan Model Agency”-гийн босс Мишел Леватоны хараанд өртөж, тэр охиныг загвар өмсөгч болохыг ятгаж чадсан байна.

    Ийнхүү тэр сургуулиа дүүргэсний дараа загвар өмсөгчөөр ажиллах болжээ. Клаудия зураг авалтын сорилтонд оролцохоор Парисыг зорьсон бөгөөд удалгүй тэр Францын “Elle” сэтгүүлийн cover болсон байна. Үүний дараа Клаудия хэд хэдэн сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж, төд удалгүй супер моделийн байр сууринд хүрчээ. Ерээд оны эхээр “Guess?” жинсний кампанит ажлын гол нүүр царай болсон байна. Үнэхээр ч тухайн үед “Guess” брэндийн амжилт олсон шалтгаан нь Клаудиятай хамтарч ажилласан явдал гэж тодорхойлдог байв. Удалгүй Карл Лагерфельд өөрийн “Chanel” брэндийн нүүр царайгаар Клаудия Шифферийг сонгосон нь Герман загвар өмсөгчийн байр суурь хэрхэн өссөнийг харуулж байв. 

    Хөх цэнхэр нүд, шаргал үс, өндөр, гоолиг бие... Энэ бүхэн нь Клаудияг улам бүр алдрын оргилд хөтөлж, тэр өөрөө брэнд болж эхэллээ.

    Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр тодорч эхэлсэн Клаудия “Vanity Fair”, “Rolling Stone”, “The New York Times” болон “People” сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны загвар өмсөгч болсон юм. Мэдээж, тэр хувцас загвар, эмэгтэйчүүдийн “Vogue”, “Harpar’s Bazaar”, “Elle”, “Cosmopolitan” зэрэг алдартай сэтгүүлийн нүүрэнд олон ч удаа зургаа авахуулж байжээ.

    Клаудия олон алдартай брэндийн нүүр царай болж, загварын тоглолтонд тэргүүлэх байр суурьтай оролцдог байсан нь зөвхөн “Chanel”-аар хязгаарлагдахгүй. “Versace”, “Dolce&Gabbana”, “Valentino” гэх зэргээр тоочоод байвал олон. Хувцас загварын брэндээс гадна “Mango”, “Accessorize” брэндтэй хамтран ажиллаж 2006 онд анх удаа акссесуарын кампанит ажил эхлүүлж байсан юм. Клаудиягийн хамгийн олон жил, өнөөг хүртэл хамтран ажиллаж байгаа брэндийн нэг бол “L’Oreal”.

    Клаудия одоо хэд хэдэн загварын агентлагтай гэрээтэй ажилладгийн нэг нь түүний ээжийн Хамбург дэх “Model Management” юм. 2011 оноос эхлэн Клаудия өөрийн ноос ноолууран хувцасны  коллекцио гаргасан.

    Түүнийг хамгийн амжилттай загвар өмсөгчөөр тодрох үеэр Клаудия кинондоо тоглуулах гэсэн найруулагчдын саналд дарагдаж байсан гэдэг. 24 настай загвар өмсөгч бүсгүй “Баян Ричи” киноноос эхлэн арав гаруй кинонд туслах дүр бүтээсэн байна. Бас Westlife хамтлагийн “Uptown girl”, Bon Jovi-гийн “Say its isn’t so” дууны клипэнд тоглосныг нь хэлүүлтгүй мэдэх бизээ.

    Аливаа хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог модель бүсгүйн хувийн амьдрал анхнаасаа л олны сонирхлыг татаж байсан. 1994 онд илбэчин Дэвид Коперфилдтэй сүй тавьж байсан ч таван жилийн дараа салсан юм. Харин 2002 онд кино найруулагч Мэтью Ваунтай гэрлэж, тэд гурван хүүхэдтэй өнөр бүл болсон. Тэдний том хүү одоо 13 настай, дунд охин нь 12, бага охин нь 6 настай. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-10-17 10:49:32
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.