• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2016-08-26 10:07:36
    Уншсан: 4438
    Сэтгэгдэл: 0

    Холливудын Төмөр хатагтай Мерил Стрип7267

    Нэр: Мэри Луиз Стрип (Mary Louise Streep)
    Төрсөн он, сар, өдөр: 1949 оны зургадугаар сарын 22.
    Төрсөн газар: АНУ, Нью-Жерси, Саммит
    Орд: Мэлхий 

    Мерил Стрип, Meryl Streep, одод, тэдний, нууц, хэн нь хэн бэБүх цаг үеийн хамгийн авьяаслаг эмэгтэй жүжигчин Мерил Стрип. Дэлхийн кино ертөнцийг 35 жилийн турш байлдан дагуулж буй энэ гайхалтай эмэгтэйг л агуу жүжигчин гэх байх. 17 удаа Оскар, 26 удаа “Алтан бөмбөрцөг”-ийн шагналд нэр дэвшиж байсан Мерил Стрип өдгөө ч кино дэлгэцнээ дүр бүтээсээр л байгаа. Энэ олон нэр дэвшиж байсан наадмуудаас нь түүнд гурван удаагийн Оскар, найман удаагийн “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал бий. Хамгийн сүүлд 2012 оны Оскарыг түүний “Iron Lady” кино тодорхойлж, тэр Их Британийн ерөнхий сайд асан, “Төмөр хатагтай” Маргарет Тетчерийн дүрийг гайхалтай чадварлаг гаргаж чадсан. Тийм ч учраас түүнийг шилдгийн шилдэг жүжигчнээр өргөмжилсөн билээ. Ингэснээр тэр 62 насандаа гурав дахь Оскараа хүртэж, авьяас хөгширдөггүй гэдгийг батлан харуулсан юм. Мерил Стрипийн хэзээ ч шавхагдашгүй авьяас чухам хаанаас эхлэлтэйг хамтдаа сонирхоцгооё.

    Мерил Стрипийн аав Харри Уилльям Стрип эм зүйч мэргэжилтэй байсан бол ээж Мэри Уолф нь зар сурталчилгааны мэргэжилтэн, зохиогч редактор байжээ. Мерил хоёр ахтай. Мерилийн аавын талд Герман, Швейцарь гаралтай хүн байсан бол ээжийнх нь өвөг эцэг 17-р зуунд Англиас Пеннсильванияд цагаачлан ирж байсан гэдэг. Сургуульд байхаасаа нийтэч, нөхөрсөг зантай байсан Мерил маш олон найзтай байжээ. Тэр сургуулиа төгсөөд жүжигчний мэргэжил эзэмшихээр “Vassar” коллежид элсэн орсон байна. Харин Йелийн их сургуулийн драмын ангид суралцан бакалаврын зэрэг эзэмшсэн тэрээр хожим нь докторын зэрэг хамгаалсан.

    Сургуулиа төгссөний дараа тэр театрын тайзнаа жүжиглэж байсан байна. Харин анхны дэлгэцийн бүтээлд тоглох гэсэн оролдлого нь амжилтгүй болж тэр “King Kong” киноноос хасагдаж байсан юм. Гэвч 1977 онд “Juilа” кинонд тоглож, анхны дүрээ амжилттай бүтээсэн. Үүний дараа 1978 онд “The Deer Hunter” кинонд туслах дүрд тоглосон юм. Харин энэ дүрээрээ тэр анх удаа Оскарын шагналд нэр дэвшсэн байна. Ийнхүү тэр Холливудад, дэлхийн кино ертөнцөд танигдаж эхлэв. 1979 онд “Manhattan” кинонд хамтран ажилласан продюссер Стэн Жэффи тухайн үед Мерилийн тухай “Тэр үнэхээр хөдөлмөрч бүсгүй. Миний бодлоор тэр юу ч боддоггүй, зөвхөн хийдэг” хэмээн магтаж байжээ. Үнэхээр ч тэр авьяасаа зүлгэж, амжилт гаргаж чаддаг бүсгүй юм. 1979 онд гэхэд Мерил Стрипийн тоглосон гурван ч кино нээлтээ хийв. “Manhattan”, “The Seduction of Joe Tynan”, “Kramer vs Kramer” хэмээх гурван кино юм. Харин тэр гэр бүлийн “Kramer vs Kramer” киногоор хоёр дахь Оскар, анхны “Алтан бөмбөрцөг”-ийн шагналаа хүртсэн.

    Харин 80-аад он бол Мерил Стрипийн гол дүрийн киноны “эрин үе” байсан гэхэд болно. 1981 онд түүний тоглосон “The French Lieutenant Woman” кино дэлгэцнээ гарч, хэвлэл мэдээлэл, шүүмжлэгчид түүнд анхаарлаа хандуулж эхлэв. “New York Magazine” сэтгүүлд Мерил Стрипийг “хамалеон” хэмээн тодорхойлсон байлаа. Учир нь, энэ шаргал үст жүжигчин бүсгүй ямар ч дүрийг гайхалтай чадварлаг гаргаж, хувирч чадах юм хэмээн бичиж байжээ. Ийнхүү түүний шилдэг дүрүүд ар араасаа ундарч, тоглосон кино бүр нь дэлхийн нэр хүндтэй наадмуудад нэр дэвшиж байсан нь гайхмаар. 1982 онд тэр “Sophie’s Choice” киноны гол дүрээрээ дахин Оскарын шагнал хүртсэн байна.

    Ийнхүү Мерил Стрипийн тоглосон кино 70, 80-аад онд ч, 90, 2000 онд Холливудыг байлдан дагуулсаар байсан юм. Одоог хүртэл шүү. Тэр 2006 онд “The Devil Wears Prada” киногоороо 14 дэх удаагаа Оскарын шагналд нэр дэвшиж, рекорд тогтоож байсан бол 2008 онд “Mamma Mia”-г хамгийн их ашиг орлого олсон мюзикл кино болгож чадсан юм. Мэдээж, бидний үзэх дуртай “It’s Complicated” кинонд жүжигчин Алек Балдвин, Стив Мартин нартай хамтран гурван жилийн өмнө тоглосон.

    Харин 2010 онд түүнд гурав дахь Оскар авчирсан “The Iron Lady” киноныхоо ажилд орсон юм. Түүнээс олон сэтгүүлч Маргарет Тетчертэй яаж тийм адилхан аялгатай ярьж сурсныг асуухад тэр “Би зүгээр л сонсдог” хэмээн хариулсэн байдаг. Тэгээд л тэр хийж эхэлдэг байх.

    Энэ агуу эмэгтэйн тоглосон кино бүрийг, авсан шагнал болгоныг энд бичнэ гэвэл ном бичих ажил гарах нь дамжиггүй. Тийм ч учраас энд зөвхөн хүртсэн хамгийн том шагнал, бидний сайн танил дүрүүдийг онцлон дурдсан. Харин дашрамд сонирхуулахад жүжигчин бүсгүй маань эвлэгхэн дуулдаг нэгэн. Тэр “Mamma Mia” кинонд дуулсан дуунуудаараа “Grammy Awards”-т нэр дэвшиж байсан юм шүү.

    Мерил Стрипийн хувийн амьдрал, хайрын түүх мөн л агуу гэмээр. Учир нь тэр хайрт хань Дон Гаммертайгаа 34 жилийн турш аз  жаргалтай амьдарч байна. Тэд 1978 оны есдүгээр сарын 30-нд хуримаа хийж, 1979 онд анхны хүүхдээ хорвоод угтан авч байсан. Одоо тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр нь жүжигчин, нэг нь дуучин болсон.

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-08-26 10:07:36
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.