• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-02-29 10:36:01
    Уншсан: 17795
    Сэтгэгдэл: 1

    “Найзууд”-ын Ричел1022

    Нэр: Женнифер Линн Энистон (Jennifer Linn Aniston)
    Төрсөн он, сар, өдөр: 1969 хоёрдугаар сарын 11.
    Төрсөн газар: АНУ, Калифорния, Шерман-Оукс
    Орд: Хумх

    Америкийн жүжигчин, кино найруулагч, продюссер мэргэжилтэй энэ бүсгүйг үзэгчид “Найзууд” олон ангит киноны дүрээр нь сайн мэддэг. Үнэхээр ч “Найзууд” киноны Ричелийн дүр үзэгчдэд хамгийн их хүрч, бүсгүйчүүд түүний үс засалт зэргийг дуурайж байсан гэдэг. Женниферийг бас Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр 1995 оноос хойш “People” сэтгүүлийн “Хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс”-ээр тогтмол нэрлэгдэж, 2004 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Түүнээс гадна “FHM”, “Man’s health” сэтгүүлийн “Хамгийн тачаангуй 100 бүсгүй” жагсаалтад сүүлийн 18 жил тогтмол багтсаар иржээ. Женниферийн бас нэгэн онцлох зүйл нь тэр хамгийн баян алдартнуудын ТОП 10 жагсаалтад нэг бус удаа шалгарч байсан юм.

    Женнифер, Энистон, Jennifer, AnistonЖеннифер анхнаасаа л урлагийн гэр бүлд төрсөн унаган авьяастай нэгэн байжээ. Түүний эцэг эх театрын жүжигчин байсан бөгөөд аав нь Грек, ээж нь Америк гаралтай аж. Тэр айлын ганц бөгөөд бага охин болон мэндэлсэн бөгөөд дээрээ хоёр ахтай. Түүнийг есөн настай байхад эцэг эх нь салж, Женнифер ах нар болон ээжийнхээ хамт Нью-Йорк руу, харин аав нь Лос-Анжелес руу шилжжээ. Энистон сургуульд байх үеэсээ л өөрийн мэргэжлээ сонгож, 11 настайдаа анх сургуулийнхаа драмын дугуйланд элсэн орсон гэдэг. Тэгээд  1987 онд урлагийн сургуулиа төгсөж, дараа нь 1989 онд жүжигчин болох хүсэл зорилгодоо хөтлөгдөн Лос-Анжелесийг зорьсон байна.

    Женнифер жүжигчин болохын тулд эхэндээ тийм ч амар замыг туулсангүй. Тэр эхлээд “Broadway”-д ажиллаж байхдаа зөөгч, утасны оператор зэрэг хийж байжээ. Харин тэр 1990 онд анхны телевизийн кинонд дүр бүтээж, дахин хэд хэдэн кинонд тоглосон ч ихэнх нь цуцлагдсаар байв. Тэр бараг л хүсэл мөрөөдлөөсөө буцаж, ялагдахад хүрээд байлаа. Харин азаар 1994 онд “Найзууд” киноны Ричелийн дүрд тоглох сайхан завшаан олдож, түүний шаналж гүйцээд байсан амьдрал баяр баяслаар дүүрч эхэлжээ. 2004 он хүртэл “Найзууд” төсөлд хүчин зүтгэсэн Энистон дэлхийд алдартай, олны танил жүжигчин болсон. Ричелийн дүр нь ч түүнд “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналыг авчирсан юм.

    1992 оноос тэр дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн бөгөөд Холливудад орох гараагаа амжилттай тавьжээ. Жүжигчин бүсгүй яван явсаар 2003 онд Холливудад орж ирснээсээ хойшхи анхны амжилттай дүрээ гаргасан нь “Bruce Almighty” юм. Энэхүү кино бүтээл мөн л амжилт, алдар нэр дагуулж үүнээс хойш тэр Холливудын нэрт жүжигчид болох Морган Фриймэн, Жим Керри нартай хамтран тоглох болов. Ийнхүү тэр 2006 онд дэлгэцнээ гарсан The Break-Up, 2008 онд Marley & Me, саяхан гарсан “Just Go with It” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан олон кинонд тоглох болсон юм. Бас саяхан “Hollywood Walk Fame”-тэй болсон тухай бид мэдээлж байсан билээ.

    Женнифер жүжиглэхийн хажуугаар реклам, зар сурталчилгаанаас хангалттай орлого олдог нэгэн. Мөн тэрээр хамтрагчдынхаа хамт хоёр ч продакшн байгуулаад амжсан бизнес сэтгэлгээтэй эмэгтэй. Түүнчлэн 2010 онд өөрийн нэртэй анхны үнэртнээ худалдаанд гаргаж байсан тэрээр хүмүүнлэгийн аливаа үйлсэд ч идэвхтэй оролцдог нэгэн. Ялангуяа хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд туслах аяныг олонтаа зохион байгуулж байснаас гадна хамгийн сүүлд Гаитид болсон байгалийн гамшигт үзэгдлийн дараа тэр 500 мянган ам.долларыг хувиасаа хандивласан юм.

    Хувийн амьдралын тухайд жүжигчин бүсгүй үргэлж олны анхаарлын төвд байдаг. Анх жүжигчин Тейт Доновантай болзож, сүй хүртэл тавьж байсан түүнийг Брэд Питтийн эхнэр болсноос нь хойш хүмүүс илүүтэй анхаарал хандуулж эхэлсэн гэдэг. 1998 онд анх болзож эхэлсэн хосууд хоёр жилийн дараа нам гүмхэн хуримаа хийсэн юм. Гэвч 2005 онд Брэд, Женнифер хоёрын салалтын тухай мэдээлэл ид шуугиан тарьж эхлэв.

    Долоон жилийн гайхалтай хайрын романс нь эцэс болсны дараа жүжигчин бүсгүй Винс Вон, загвар өмсөгч Пол Скалфор, дуучин Жон Майер, хамтран тоглогч Жереми Батлер нартай болзож, нэр холбогдож байсан. Харин өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Жастин Терутэй болздог болсноо зарлаж, өдгөө хосууд аз жаргалаар дүүрэн амьдарч байна. Харин одоо үзэгчид Женниферийг хөөрхөн хүүхэд төрүүлэхийг л хүлээж байгаа нь нууц биш.

    Б. Сайхан

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-02-29 10:36:01
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-12-19 19:18:37
    estoi sn jujigchin shuu tsaanaa uzesgelentei mash ih awyastai goe jujigchin shuu