• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-04-28 13:21:30
    Уншсан: 12703
    Сэтгэгдэл: 0

    Pitbull-тэй дуулсан л бол ХИТ1429

    Нэр: Армандо Кристиан Перес (Armando Christian Pérez)
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны нэгдүгээр сарын 15.
    Төрсөн газар: АНУ, Флорида, Миами
    Орд: Матар

    Куба гаралтай Америк залуу Армандо Кристиан Перес. Гэхдээ бид түүнийг гайхалтай хит дуунуудаар нь, Pitbull нэрээр нь маш сайн мэддэг. Яг одоо Pitbull-ийн дуулсан дуу бүр нь дэлхийн өнцөг булан бүрт хит болж, сая сая залуусыг байлдан дагуулж, хөгжим сонирхогчдын хувьд тэр хөгжмийн ертөнцийн тренд болж байна. Яагаад гэдгийг нь шүтэн бишрэгчид нь хэлүүлтгүй мэдэх байх.
    PitbullPitbull-ийн бие даасан “Crazy”, “I Know You Want Me”, “Bon Bon”, “Hotel Room Service” зэрэг дуу нь одоо ч залуусын сонсох, бүжиглэх дуртай дуу. Бас Женнифер Лопестой хамтарсан “On the Floor”, T-Pain-тэй хамтарсан  “Hey Baby”, Энрике Иглесиастай хамтарсан “I Like It”, Ne-Yo-той дуулсан “Give Me Everything”, Марк Антонитай “Rain Over Me”, Крис Браунтай “International Love”, Шакиратай “Rabiosa”-г дуулж ХИТ болгосон. Woow, үнэхээр биширмээр юм гээч. Дээрх дуунууд бүгд хит. Харин одоо Женнифер Лопес тэр хоёрын дуулсан “Dance Again” дуу нь “Hit Again” болох гэж байна. Тийм ээ, Pitbull-тэй дуулсан л бол ХИТ болчихдог нь юундаа байна вэ... Энэ нууцыг түүний амьдралын түүхээс олох ч юм бил үү. Хамтдаа Pitbull-тэй танилцацгаая.
    Pitbull-ийн эцэг, эх нь хоёул Куба хүмүүс. Тиймээс л тэр Миамид төрж өссөн, Куба залуу. Карьерынх нь эхэн үед Pitbull-д багагүй асуудал тулгардаг байжээ. Учир нь арьс өнгөний үзэл зөвхөн хар арьстанд “үйлчилдэг” биш болохоор хөх нүдтэй, цагаан арьст Куб-Америк залууд багагүй л бэрхшээл тулгардаг байсан гэдэг... Бас эцэг, эх нь бага байхад нь салсан учир тэр ээжтэйгээ хамт амьдрах болжээ. Харин 16 настай байхдаа хар тамхи наймаалдаг байсан “замбараагүй” хүүгээ ээж нь мэдсэнийхээ дараа яг аавыг нь хөөж гаргасан шигээ гэрээсээ хөөж явуулсан гэдэг. Pitbull ахлах сургуулиа төгсөөд л реппэр болох хүсэлдээ хөтлөгдөн, карьераа хөөхөөр шийджээ.
    Тэр Миамид Lil Jon-той танилцсаныхаа дараа хамтарч уран бүтээл хийхээр болж, 2002 онд “Kings of Crunk” цомог дээр нь ажилласан байна. Залуу реппэрийн карьерын өсөлтөд хамгийн их нөлөөлсөн хүн бол Lil Jon. Lil Jon-ы цомог дээр ажилласан нь түүний хувьд анхны цомог, уран бүтээл нь байжээ. Тухайн үед дуулсан “Oye”  дуу нь дараа жил нь “2 Fast 2 Furious” киноны soundtrack болсон байна. Ийнхүү тэр эхэн үедээ хэд хэдэн mixtape хийж, freestyle зохиохоос гадна алдартай реп хөгжмүүдийн ремиксийг хийдэг байв. Түүний уран бүтээлүүд Campbell-д таалагдаж “Lollipop” дуундаа Pitbull-ийг хамтран ажиллахыг санал болгосон байна. Энэ үед тэр хорин настай байв.
    Харин гурван жилийн дараа анхны, дебют “M.I.A.M.I” цомгоо гаргасан юм. Залуу реппэрийн анхны цомог дээр Lil Jon, Diaz Brothers нар нь хамтран ажиллаж, продюссерласан бөгөөд уг цомог Биллбоардын 32-т бичигдэж чамлахааргүй амжилт гаргасан байна. Удалгүй тэр Эминем, 50 Cent тэргүүтэй хип хоп аялан тоглолтонд нэгдсэн нь Куба-Америк реппэрийн карьерын өсөлтийг харуулж байв.
    2007 онд тэр “Money Is Still A Major Issue” нэртэй ремикс цомгоо гаргасан юм.
    Харин 2006 онд бие даасан хоёр дахь “El Mariel” цомгоо гаргажээ. “El Mariel”  хэмээх нэр нь ч учиртай, уг цомгийн гарах болсон шалтгаан нь ч дурсгалтай. Учир нь тэр 2006 оны тавдугаар сард нас барсан аавынхаа дурсгалд зориулж, ийнхүү таван сарын дараа цомгоо гаргаснаас гадна нэрнийх нь утга 1980-аад онд Флоридад дүрвэж ирсэн кубуудын хотыг нэрлэсэн аж. Pitbull энэхүү цомогтоо dance хэмнэлтэй уран бүтээлүүд багтааснаас гадна улс төрийн утга, илэрхийлэлтэй хэд хэдэн дуугаа оруулсан юм. Харин түүний үндсэрхэг үзэл, хүнлэг сэтгэл нэвт шингэсэн энэхүү цомог Биллбоардын 17 дугаарт бичигдэж, рэп чартын хоёрт орж байв. Жилийн дараа гуравдахь цомгоо гаргаж, Америк төдийгүй Латин Америкийн орнуудад Pitbull алдаршиж эхлэв. Харин яагаад Pitbull гэж, тайзны нэрээ ямар учраас ингэж нэрлэх болсон нь сонсогчдын сонирхлыг татаж эхлэхэд тэр “Нохойнууд цоожийг ч хаздаг. Тэд хуулинд захирагддаггүй. Бас үргэлж тэмцэлдэж байдаг. Магадгүй ийм болохоороо тэнэг ч байж мэднэ. Харин энэ бүх чанар нь би хэн бэ гэдгийг минь илэрхийлдэг юм” хэмээн тайлбарлаж байсан юм. Үнэхээр ч тэр багаасаа тэмцэлдэж, ялахын төлөө, амжилтын хүрэхийн тулд багаасаа тэмцэж ирсэн учраас Pitbull нохойтой ижил санагдсан байх.
    2009 он. Pitbull-ын “Rebelution” нэртэй дөрөв дэх цомог сонсогчдод хүрч, реппэр залуугийн “I Know You Want Me” дуу нь анх удаа Биллбоардын хоёр, UK чарт болон дэлхийн олон орны хитийг тэргүүлж эхэлсэн юм. Бас 2010 онд гаргасан “Armando” болон дөрөв дэх хит цомгийн аль аль нь түүнийг Латин Биллбоардын шагналд анх удаа хамгийн олон номинацид нэр дэвшсэн уран бүтээлч болгож, өссөн нутаг Миамигийнхаа олон үйлсэд сэтгэл нэгдэн орсных нь төлөө түүнийг “Key of the City” хүнээр тодорхойлж, оны хамгийн алдартай уран бүтээлчээр шалгаруулж байв.
    Халзан толгойтой, өвөрмөц хоолойтой “гоонжтой” реппэрийг дэлхий даяар мэддэг болов. Үнэхээр ч түүнийг гоёмсог, өөрт нь донжтой гэгч нь зохисон костюм, пиджакгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөрсөн оны зургадугаар сард “Planet Pit” нэртэй өөр нэг хит цомгоо гаргасан реппэр залуугийн имижээ тодорхойлсны нэгэн адил дуу бүр нь цаанаа л донжтой. Тэр, түүний хоолой, түүний зохиосон ая, продюссерласан дуу нь заавал нэг оргил хэсэгтэй байдаг. Энэ тухай ч хамтран ажилладаг найзууд нь, уран бүтээлчид нь сайрхан ярих дуртай. Магадгүй энэ нь түүний мэдрэмжтэй байдлыг илтгэж байж ч мэднэ.
    “Гоонжтой” реппэрийг үзэгчид тайзан дээрээс, клип эсвэл ярилцлагын нэвтрүүлгээс нь гадна өөрийнх нь “La Esquina” нэртэй Испани хэлтэй нэвтрүүлгээс нь тогтмол харж болно. Учир нь тэр энэ нэвтрүүлгийн хөтлөгчийг олон жил хийж байгаа юм. Бас тэр чадварлаг продюссерын авьяасаар хоёр ч рекордсын хамтран эзэмшигч болж чаджээ.

    Б. Сайхан

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-04-28 13:21:30
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.