• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-23 11:42:52
    Уншсан: 19597
    Сэтгэгдэл: 1

    Женнифер Лопес503

    Нэр: Женнифер Линн Лопес (Jennifer Lynn Lopez)
    Төрсөн он, сар, өдөр: 1969 оны долдугаар сарын 24.
    Төрсөн газар: АНУ, Нью-Йорк
    Орд: Арслан

    Тэр бол хөгжмийн ертөнцийн гайхалтай дуучдын нэг, Холливудын авьяаслаг жүжигчин, бас дэлхийн хамгийн сайхан бүсгүй. Тийм ээ, тэр бол Женнифер Лопес. Түүний уян налархай бүжгийн хөдөлгөөн, уран гоолиг бие, эрч хүчтэй дуу хоолойг нь шүтэн биширдэг сая сая залуус дэлхий даяар бий. Грэммигийн хоёр, Латин Грэммигийн хоёр, “American music awards”-ын гурван удаагийн ялагч дуучин бүсгүй кино урлагт ч мөн эхнээсээ амжилт гаргасаар ирсэн. 2001 онд гэхэд түүний хоёр дахь цомог “J.Lo” цомог нь дэлхий даяар найман сая хувь борлогдож, “Биллбоард”-ын номер нэг бүтээл болж байхад “The Wedding plan” кино нь “Box Office”-ыг мөн л тэргүүлж байсан юм. Энэ гайхалтай бүсгүйн тухай товч түүхийг сонирхоцгооё.

    Женнифер ЛопесЖеннифер Лопесын эцэг эх Нью-Йоркт суурьшсан Пуэрто Рикогийн хүмүүс байжээ. Дуучны гэр бүл тийм ч баян цатгалан айл байсангүй. Женифер эгч дүүсийн хамт “Black Rock Avenue” гудамд тоглож өсчээ. Нэг үгээр эндээс алдарт хүрэх замаа нээсэн байна. Тэр багадаа охидын сүмийн сургуульд суралцаж байхдаа дуу, бүжгийг илүү сонирхон хичээллэдэг байжээ. Ахлах сургуулиа төгссөний дараа тэр коллежид элсэн орсон бөгөөд сурахынхаа хажуугаар шүүх байгууллагад ажилладаг байсан байна. Тэр үеэс өөртөө хөрөнгө оруулалт хийж, бүжиглэхдээ бүхнээ зориулж эхэлжээ. Бүжгийн ангид элсэн орсны зэрэгцээ шөнийн клубт бүжигчнээр ажилладаг байсан байна. Энэ үед тэр 19 настай байжээ. Харин 16 настайдаа анхны дэлгэцийн бүтээлдээ нэгэн жижиг дүр бүтээж байсан бол удалгүй олон кино, клипэнд бүжигчнээр болон туслах дүр бүтээн ажилладаг болжээ. Түүний авьяасыг олж харсан менежер Жанет Жэксоны бүжигчнээр элсүүлж байсан  нь бий.

    Гэхдээ Женниферийн карьер жүжигчний ажлаас нь эхэлсэн гэхэд болно. Тэр 1995 оноос эхлэн “Миний гэр бүл”, “Мөнгөний галт тэрэг” зэрэг кинонд амжилттай тоглосныхоо дараа буюу 1997 онд өөрийн анхны томоохон хэмжээний дэлгэцийн бүтээлийн гол дүр авч чадсан байна. “Селена” кинонд бүтээсэн дүр нь түүнийг өнөөдрийн алдартай жүжигчин, дуучин болох  гарааг тавьсан аж. Тэр бүтээсэн дүрээрээ анх удаа “Алтан бөмбөрцөг” кино наадмын шилдэг гол дүрийн жүжигчний шагналд нэр дэвшиж байсан юм. Үүний дараа тэр үзэгчдийн сайн мэдэх “Анаконда” кинонд дүр бүтээж, мөн л чадварлаг жүжигчин гэдгээ харуулж чадсан.

    2000 оноос эхлэн тэр кино урлаг дахь ажлаа түр завсарлаж, хөгжмийн карьераа хөөж эхэлсэн юм. Анхны “On the 6” цомгоо гаргасны дараа “Биллбоард”-ын шилдэг цомгийн жагсаалтын эхний аравт бичигдэж, цомогт багтсан “If you had my love” дуу нь дэлхий дахинаа бүх хитүүдийг тэргүүлж эхэлжээ. Хэдийгээр эхний цомог нь “Биллбоард”-ын номер нэгт бичигдэж чадаагүй ч хоёр дахь “J.Lo” нь жинхэнэ амжилт тогтоосон юм. Энэхүү цомог нь 26 долоо хоногийн турш тэргүүлж байжээ. Ийнхүү дуучин бүсгүй 2007 он гэхэд зургаан цомгийн эзэн болж, хип хоп урсгалыг дуундаа оруулдаг байсан нь R&B болон өөрчлөгдөж эхэлсэн юм. Харин “Brave” цомгоо гаргасныхаа дараа ихрүүдээ төрүүлж, тэднийгээ өсгөх гээд хэсэгтээ хөгжим, кино аль аль уран бүтээлээсээ хөндийрөөд байсан дуучин бүсгүй 2011 онд цоо шинэ өнгө, хэмнэл, дуу бүжгээр дахин хүчээ авч эхэлсэн юм. Түүний Питбуллтэй хамтран дуулсан ”On the floor”  дуу нь гарсан цагаасаа эхлэн одоо ч хит хэвээр байна.
    Дуучин бүсгүй чадварлаг жүжигчин, гайхалтай дуучин, авьяаслаг бүжигчнээс гадна сайн загвар зохион бүтээгч. Тэр 2005 оноос эхлэн залуу бүсгүйчүүд, охидод зориулсан “JLO” брэндээ гаргаснаас гадна үнэртний зах зээлд ч “Glow” үнэртэй ус нь тэргүүлсээр байна. Мөн тэрээр 2002 онд куб ресторан байгуулж амжилттай ажиллаж байсан нь дуучны бизнес сэтгэлгээг илэрхийлж байх шиг. Мэдээж, тэр бас өнгөрсөн оноос эхлэн “American idol”-ын шүүгчээр ажиллаж байгааг эрхэм уншигчид маань андахгүй биз ээ.
    Жэй Ло-гийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн. Анх 1997 онд Ожона Ноа хэмээх залуутай гэрлэж байсан бол удалгүй тэд гэр бүлээ цуцлуулсан юм. Харин 1999 оноос хип хопыг байлдан дагуулагч P.Diddy-тэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан ч хоёр жил хагасын дараа мөн л сүр дуулиантай салсан. 2002 онд тэр өөр нэгэн Холливудын алдартантай нэр холбогдож эхэлсэн нь жүжигчин Бен Аффлек. Тэдний харилцаа олон нийтэд ил болж эхлэхэд хүн бүр хамгийн алдартай, хамгийн сайхан, хамгийн сэтгэл татам Холливудын хос хэмээн дуу алдацгааж байлаа. Хүн бүр тэдний хайр сэтгэлийг хүндэтгэдэг байв. Хосууд удалгүй сүй тавьснаа зарлаж, хуримынхаа товыг ч тодорхой болгосон. Дуучин бүсгүйн “Jenny from the block” клипэнд хамтдаа тоглосон нь мөн л шуугиан тарьж, дуу нь ч, клип нь ч дэлхий даяар хит болов. Гэвч хосуудын хайр удалгүй цэглэгдэж, олны сэтгэлийг гонсойлгосон. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Женнифер хуучны найз Марк Антонитой болзож эхлэв. Тэд 2003 оны долдугаар сард хуримаа хийж, таван жилийн дараа дуучин бүсгүй ээж болсон юм. Ихрүүдээ төрүүлснийхээ дараа тэр дахиад мянган хүүхдийн ээж болмоор байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Энэ нь Женнифер ээж болоод ямар их жаргалтай байгааг илтгэж байв. Тийм ээ, тэр хүүхдүүддээ бүхнээс илүү анхаарал тавьж, ажлаасаа түр хөндийрсөн. Гэвч ихрүүд эцэг эхтэйгээ хамтдаа удаан байж чадсангүй. Хосууд саяхан салж, тус тусдаа амьдрах болсон. Энэхүү салалтын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байсан бөгөөд олонхи нь Женнифер Холливудад, харин Марк Нью-Йоркт амьдрахыг илүүд үзсэнээс зөрчилдөөн үүссэн гэжээ. Харин зарим эх сурвалж Марк, Женниферийг олон зүйл дээр хориглож, нэлээд харддаг байснаас салах болсон хэмээн тайлбарлаж байв. Ямартай ч дуучин бүсгүй нөхрөөсөө салаад удаагүй ч эрч хүчээр дүүрэн, шинэлэг уран бүтээлүүдээ туурвисаар байна. Бас сайн ээж байхаа ч мартаагүй.

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-23 11:42:52
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-07-25 12:43:23
    the bestc7l9ck6