• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-06-02 13:12:39
    Уншсан: 1092
    Сэтгэгдэл: 3

    Аялагч бүсгүйтэй болзох 8 шалтгаан7581

    Аялагч бүсгүйтэй болзох 8 шалтгаан

    1. Чалчаа эмэгтэй ч хэцүү л дээ. Гэхдээ энэ бүсгүй сонирхолтой юм

    Анхны болзоон дээр юу ярихаа мэдэхгүй эрчүүд олон. Оршуулгын цайллага дээр байгаа мэт чив чимээгүй 30 минут суусны эцэст

    - Чи дүүтэй юу?

    - Нэг дүү бий.

    - Дүү чинь чамаас царайлаг уу?

    гэсэн харилцан яриа өрнүүлдэг эрчүүд аялагч бүсгүйтэй болзвол ярианы сэдэв мундахгүй. Аялах нь хүнээс чамгүй их дур хүсэл, хичээл зүтгэл шаарддаг учир аялсан газрынхаа сонин сайхныг хэдэн цаг ч ярьсан чадна. “Аялж байсан газруудынхаа тухай яриач?” гэсэн ганц асуулт тавихад л хангалттай. Зөвхөн болзоо ч гэлтгүй хосын харилцаанд, гэр бүлийн амьдралд ч гэсэн та хоёрын яриа дуусахгүй. Эцсийн эцэст, харилцаа гэдэг чинь харилцан ярилцаж, харилцан мэдээлэл солилцохын нэр шүү дээ.

    2. Стрессгүй амьдралыг сонгосон бүсгүй ямар ч эм, эмчээс илүү чамайг эрүүлжүүлнэ

    Аялагч бүсгүйчүүд дунд уйтгартай нэгэн их ховор доо. Тэд чамайг аялахад үргэлж уриална. Зарим эрчүүд аялна гэдгийг Монголоос Австрали эсвэл Антарктид руу явах гэж байгаа мэт сэтгэн, зардал чирэгдлийг нь тооцоод шууд “үгүй” гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө фэйсбүүк ухчихсан, ажлаа амжуулсан ч юмгүй сууж байх нь бий. Гэтэл аялагч бүсгүй ажлыг өрөөнөөс чинь холгүйхэн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Туул голыг сонирхолтой аяллын чиглэл болгож чадна. Тэд аяллыг төлөвлөж, орчныг тохижуулж, хэрэгтэй бүхнийг бэлдчихнэ. Түүний үгэнд орж хоёр цаг сандлаасаа ховхорсны хариуд чи сийрэг толгой, шинэ санаа, эрч хүчээр дүүрэн болсноо мэдэрнэ гээч. Тэр цагт л бүсгүйн үгийг дагасандаа баярлана. Түүнтэй хамт аялбал тэр чамайг өмнө нь хэний ч ярьж байгаагүй газраар дагуулж, хаанаас ч харж байгаагүй зүйлсийг үзүүлнэ. Яагаад гэвэл тэр аялах дуртай учраас бүгдийг судалсан байгаа.

    Түүнчлэн, аялах дуртай бүсгүйчүүд нэг дор хоёр лааз энергийн ундаа уусан уу гэмээр эрч хүчээр оргилж байдаг. Тэр хэмжээгээрээ чамайг ч гэсэн идэвхтэй амьдрахад уриална. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш ... гэдэг байх.

    Стрессгүй амьдралыг сонгосон бүсгүй ямар ч эм, эмчээс илүү чамайг эрүүлжүүлнэ. Бас бүсгүйн талаар шинэ зүйлсийг мэдэж, заяаны ханиа таньж мэдэх алхмаа нэгээр урагшлуулаарай.

    3. Шинэ зүйл туршихаас буцахгүй

    Аялна гэдэг шинэ газар очихын нэр. Аялж байсан газраа очсон ч шинэ нээлт хийх гэж л очно. Тиймээс аялах дуртай бүсгүйн сэтгэхүй нь баригдмал, хайрцаглагдсан бус байдаг. Тэд хөгжилтэй бөгөөд шинэ зүйлд “үгүй” гэж бараг хэлэхгүй дээ. Тиймээс, нэгэн хэвийн байдалд дургүй залуусын хувьд төгс хамтрагч. Тэд үргэлж, шинэ бөгөөд өвөрмөц зүйл туршихсан гэж явдаг улс. Гэртээ ч бай, гадаадад ч бай шинэ зүйл туршина гэдэг тэдний хувьд зөвхөн аяллаар хязгаарлагддаггүй. Намайг юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ, залуу? Чи түүнтэй хэзээ ч уйдахгүй.

    4. Түүнийг баярлуулахад өртөг бага...

    Аялах дуртай бүсгүй элдэв маяггүй байх нь элбэг. Тэд амьдралд жижиг зүйлийг ч талархалтай хүлээж авна. Тэр шувуудын жиргээ, гол, горхины хоржигноон, гялалзан гялтганах оддыг ширтээд шинэхэн тоглоом авсан хүүхэд, шинэ машинтай болсон залуу шиг сэтгэл хангалуун байж чадна. Тэр бүү хэл Балигаар аялсан сайхан дурсамжийг нь сэргээх хүж бэлэглэхэд шинэ загварын гуталтай болсон мэт баярлана.

    5. За бараг л хамелеон

    Онгоцны буудал дээр удаан хүлээх, шаардлага гарвал хоол, ор дэр, халуун усгүй удаан явах, автобус, галт тэрэгнээсээ хоцрох, бохир жорлонд бие засах, гэдэс өвтгөсөн гудамжны хоол, тухгүй дэн буудал гээд олон зүйлд өгүүлэл тавилгүй дасан зохицож чаддаг. Энэ бүгд түүнд амьдралд тохиох саад бэрхшээлийг даван туулах чадварыг суулгадаг. Бас тэд зарим хосуудын хувьд уурлаж, хэрэлдэх, салж, сарних шалтгаан болдог жижиг асуудлыг өнгөрөөж чаддаг.

    6. Тэр эдийн сонирхолгүй

    Түүнтэй байхад их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй. Тэр LV цүнх авснаас Мьянмар явахыг илүүд үзнэ. Ухаалаг утас авч өгвөл “Унгар яваад ирэх байсан шд” гэж уруулаа унжуулна. Тэр хувцас авах гэж биш хаа нэгтээ аялах гэж мөнгөө цуглуулдаг.

    7. Найзууд чинь түүний улаан фэн

    Бүрэг ичимхий, хөндий хүйтэн аялагч бүсгүйтэй барагтаа л таарахгүй дээ. Огт танихгүй, хар нутгийн хүнтэй өрөөгөө хуваан хоноглох, янз бүрийн хүмүүстэй уулзаж, таарахдаа ямар ч нөхцөл байдалд хэнтэй ч арга эвээ олох чадварыг олж авдаг. Тэр бол нийтэч, найзархаг нэгэн.

    8. Тэр бол дурсамжийн уурхай

    Сайхан дурсамж хүний сэтгэлийг ямар ч үед тэжээж, цэнэглэж байдаг. “Сувдан Эрэг” (Pearl Harbor) хэмээх романтик кинон дээр онгоц нь сөнөж, хүйтэн далайд унасан нисгэгч залуу хайртай бүсгүйдээ “Зүүгээр шивэх мэт тэр хүйтнийг би чиний тухай бодлоор даван туулсан” гэж хэлдэг. Сайхан дурсамжийг сандал дээр суугаад бүтээхгүй. Сайхан дурсамжийг аялж байж бүтээнэ. Тиймээс, явж нандин дурсамжаа бүтээ.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-06-02 13:12:39
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-06-02 14:48:32
    Би аялагч бүсгүй байна
    Зочин - 2017-06-02 14:49:06
    Хамт аялах хүнтэй болмоор байна
    Зочин - 2017-06-02 14:51:20
    Сайхан дурсамжийг сандал дээр суугаад бүтээхгүй энэ ямар гоё үг вэ