• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-07-05 20:12:37
    Уншсан: 1827
    Сэтгэгдэл: 0

    Нью- Орлеаны жазз Улаанбаатарт7591

    Долоодугаар сарын 4-ний орой УДБЭТ-ын тайзнаа АНУ-ын Нью-Орлеан хотоос гаралтай саксофончин Жессе Дэвисийн дөрвөл Jazz & Soul тоглолт тавигдлаа. Энэхүү тоглолт АНУ-ын Элчин Сайдын Яам, Jazz Lab ТББ болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж буй бөгөөд, Монгол улсад жазз хөгжмийг хөгжүүлэхээр зорин идэвхтэй ажиллаж буй  Jazz Lab ТББ-д онцлон талархууштай.

    Тоглолтыг нээж Bluescoopers, Jazz Train хэмээх Монголын шинэ залуу жазз хамтлагууд Blue Mitchell-ийн  Fungii Mama, Wes Montgomery-гийн Four on Six зэрэг жазз хөгжмийн дээжис болсон аялгуунуудыг тоглож сонирхуулсан юм. Дашрамд дурдахад Jazz Train хамтлагийн анхны цомог өнгөрсөн 3-р сард худалдаанд гарсан бөгөөд уг цомгоос дэлхийд алдартай жазз стандартуудаас гадна тэдний багш нарын бүтээлүүдийг уг хамтлагийн тоглосноор сонсох боломжтой.

    Уг тоглолтод оролцсон контрабандчин Мартин Зенкер эдгээр шинэ залуу хамтлагуудыг төрүүлж буй  “GMUB” хөтөлбөрийн үүсгэн байгуулагч, багш бөгөөд өнгөрсөн жил хөтөлбөрийнхөө тайлан тоглолтын үеэр Монгол Улсын СТА цол тэмдгээр шагнуулсан байна.

    Харин Монголд хоёр дахь удаагаа зочилж буй Жессе Дэвис тэдгээр залуу хөгжимчдийн ур чадвараар бахархаж буйгаа тоглолтын үеэр ахин дахин илэрхийлж, тэднийг Монголын жазз хөгжмийн ирээдүй гэж байв. Мөн тэрээр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахдаа “Тоглолт маш сайхан болж байна, жилийн өмнө Улаанбаатарт тоглоход хэчнээн гайхалтай байсныг би одоо ч тодхон санаж байна. Та нар маш сайхан хүмүүс юм, эдгээр авъяаслаг залуу хөгжимчдийг яг үүн шигээ үргэлж дэмжиж, урам өгч байгаарай” гэсэн юм. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-07-05 20:12:37
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.